Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан “Гранд Чайна Спортс” компанийн ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан БНХАУ-ын “Гранд Чайна Спортс” компанийн ерөнхийлөгч Хоу Да Вэйг өнөөдөр (2017.03.24) Төрийн ордонд хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, манай улсын хүн амын ихэнх нь 40-өөс доош насныхан эзэлдэг учир биеийн тамир, спорт чухал байр суурьтай. Хэдийгээр гурван сая хүн амтай ч тив, дэлхийн болоод олимпийн тэмцээнд амжилттай оролцож медалийн тоогоороо дээгүүрт жагсч байгааг дурьдаад хоёр улсын хамтын ажиллагаа өргөжиж, биеийн тамир, спортын чиглэлд анхаарч буйд талархаж байгаагаа илэрхийлэв. Мөн аялал жуулчлалын салбарыг жилийн дөрвөн улиралд хөгжүүлэх төрийн бодлогын талаар танилцууллаа.
БНХАУ-ын “Гранд Чайна Спортс” компанийн ерөнхийлөгч Хоу Да Вэй, цаг зав гарган хүлээн авч уулзсан эрхэм гишүүнд талархал илэрхийлээд Монгол Улсад найм дахь удаагаа айлчилж байгаа бөгөөд Монголын ширээний теннисний холбооны тамирчидтай уулзан туршлага солилцож, сургалт хийхээр ирсэнээ дуулгав. Тэрбээр, “Би өөрөө тамирчин хүн учир тамирчдад тусалж, сургалт зохион байгуулах дуртай. БНХАУ ширээний теннисийн үзүүлэлтээр дэлхийд нэгд эрэмбэлэгддэг. Одоо бид Монгол Улсын тамирчдыг Азийн аварга болгох хүсэлтэй байна” гэлээ. Түүнчлэн ирэх дөрөвдүгээр сард Монголын теннисний холбоотой хамтарсан тэмцээн, тавдугаар сард байт харвааны, наймдугаар сард 10 улсын тамирчдыг хамарсан марафон гүйлтийн тэмцээнийг тус тус зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа хэлээд Монгол Улс жуулчдад таатай орчинг бүрдүүлж, аюулгүй байдлыг хангахад анхаарахыг хүслээ.
Уулзалтад БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц нар байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.