"Төрийн мэдээлэл"-д Дотоодын цэргийн тухай хуулийг нийтлэв

2017 оны 3 сарын 23

“Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлийн 2017 оны 12 дахь дугаарт Дотоодын цэргийн тухай хуулийг нийтэлсэн байна.  

Энэ хуулиар Монгол Улсын дотоодын цэргийн тогтолцоо, чиг үүрэг, бүрэн эрх, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулах юм.

Хуульд зааснаар дотоодын цэрэг нь улсын онц чухал обьектыг хамгаалах, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул тохиолдсон үед болон эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэг гүйцэтгэх юм. Түүнчлэн шаардлагатай үед зарим обьектыг түр хугацаагаар хамгаалах, зорчигч, ачаа тээшийг харгалзан хүргэх, террорист үйлдлийг таслан зогсоох тусгай ажиллагаанд оролцох болоод хуулиар тогтоосон бусад чиг үүрэг гүйцэтгэх аж.

Дотоодын цэргийн алба хаагчийн биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх

нийтлэг үндэслэл, журам, алба хаагчдийн эрх, үүрэг, тэдний эрх зүйн баталгааг хуульд хэрхэн тусгасан талаарх мэдээллийг хууль тогтоомжийн эмхэтгэлээс авах боломжтой.

Түүнчлэн дээрх хуулийн хамт батлагдсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Терроризмтой тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай,  Дотоодын цэргийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай зэрэг 14 хууль, Монгол Улсын Их Хурлын 2006 оны 98 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолыг нийтэлжээ.

Дотоодын цэргийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд, Улсын Их Хурлын 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр баталсан Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу цагдаа, хилийн хамгаалах байгууллагад шилжүүлсэн дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн, хугацаат цэргийн алба хаах үйл ажиллагаатай холбоотой төсөв, дэд бүтэц, барилга байгууламж, материал техникийн хангамж, зэвсэг хэрэгслийг буцаан Дотоодын цэрэгт шилжүүлэх арга хэмжээг  2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлэхээр заасан байна. Мөн Дотоодын цэргийн тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлж байгаа цагдаагийн алба хаагч дотоодын цэрэгт шилжсэн үеэс Дотоодын цэргийн тухай хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд алба хаагчдыг цэргийн мэргэжлийн сургалтад хамруулж, хувцас, агсамжаар хангах ажлыг цагдаагийн төв байгууллага хариуцан гүйцэтгэхээр тусгажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41885
0 эможи
keyboard_arrow_up