О.Баасанхүү: Зарлиг гаргуулахаар Ерөнхийлөгчид хандлаа
Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2017.03.16/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр, С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг шийдвэрлэсэнтэй холбоотойгоор онц нууцын зэрэглэлтэй мэдээллээс бусад аливаа нотлох баримтуудыг ил болгох зорилгоор шүүх болон мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд хяналт, шалгалт явуулах Ажлын хэсэг байгуулах зарлиг гаргахыг хүсч Ерөнхийлөгчид хандаж буй талаараа мэдээлсэн юм.
Орхон аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний хувьд тойргийнх нь иргэд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт ял шийтгэл сонсон, удаан хугацаанд хоригдох болсон нь шударга шийдвэр мөн гэдэгт эргэлзэж байгаа учир ийнхүү хандаж байгаа юм байна.
Түүнчлэн, өнөөг хүртэл иргэд сонгогчдоос уг хэрэгтэй холбоотой өргөдөл, гомдол, хүсэлтүүд ирүүлсээр байгаа нь Ерөнхийлөгчид хандах үндэслэл болсон гэлээ.
Иргэд,
-Шүүх хурлыг хаалттай хийсэн нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан аливаа иргэн шударга шүүхээр шүүлгэх эрхтэй хэмээн тунхагласныг бүрэн эдэлсэн гэдэгт эргэлзэхээр байгаа,
-Шүүгдэгч нар захиалгат аллага үйлдсэн гэх боловч захиалагч нь өнөөг хүртэл хэн болох нь тодорхойгүй байгаа,
-Тухайн хэргийн амьд гэрч Д.Булганы өгсөн мэдүүлэг шүүгдэгчдийн нөхцөл байдлыг дээрдүүлсэн, эсвэл дордуулсан талаар мэдэхийг хүсч байгаа,
-Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь онц ноцтой гэмт хэргийг бүрэн нотолж байгаа эсэх эргэлзээг тодорхой болгох, мэдээллээр хангах зэрэг хүсэлтийг удаа дараа ирүүлсэн талаар гишүүн О.Баасанхүү мэдээлэлдээ дурьдлаа. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд хуулиар шууд хориглосон онц нууцын зэрэглэлтэй мэдээллээс бусад аливаа нотлох баримтуудыг ил болгох зорилгоор шүүх, мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд хяналт, шалгалт явуулах Ажлын хэсэг байгуулах зарлиг гаргах боломжтой гэж үзэн, ажлын хэсэг байгуулах зарлиг гаргуулах тухай хүсэлт бүхий албан бичгийг 2017 оны гуравдугаар сарын 16-ны өдөр Ерөнхийлөгчид хүргүүлсэн байна. Ажлын хэсгийн дүгнэлтээр дамжуулан хаалттай шүүх хурлын зарим мэдээллийг ил тод болгох боломжтой бөгөөд ингэснээр олон нийтийн дунд үүссэн эргэлзээнд хариулт өгч чадна гэж итгэж буйгаа Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү хэлсэн юм.
Энэхүү албан бичгийн хувийг Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц нарт хүргүүлсэн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.