УИХ-ын дарга төрийн түшээ эмэгтэйчүүдэд баяр хүргэлээ
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан төр, засгийн өндөр албан тушаал хашиж байгаа эмэгтэйчүүдийн төлөөллийг хүлээн авч, баяр хүргэв.
Тэрбээр тэдэнд эрүүл энх, баяр баясгалан, аз жаргал, ажлын амжилтыг хүсээд “Манай монгол бүсгүйчүүд нийгмийн бүхий л салбарт амжилттай ажиллаж хөдөлмөрлөж, алдар гавьяагаа дархалсаар ирсэн билээ. Тэдний нэг хэсэг нь төрийн бүх шатны байгууллагад ажил хөдөлмөр эрхэлж байгаа бүсгүйчүүд юм. 2016 оны байдлаар төрийн байгууллагын нийт ажиллагсдын 59.4 хувь нь эмэгтэйчүүд байна. Тэгэхээр монгол төрийн албан хаагчдын 60 шахам хувь нь бүсгүйчүүд байна гэсэн үг. Та бүхнээр уламжлан Монголынхоо бүх эмэгтэйчүүд, ээж нарт чин сэтгэлийн мэндчилгээ өргөн дэвшүүлж байна” гэлээ.
Эл арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, З.Нарантуяа, Д.Сарангэрэл, Б.Ундармаа, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Дэд сайд Б.Батцэцэг, Х.Булгантуяа, Л.Бямбасүрэн, Ж.Сауле, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонго, УИХ-ын даргын зөвлөх Т.Ганди, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нарын зэрэг төрийн түшээ бүсгүйчүүд хүрэлцэн ирсэн байв.
Уулзалтад УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.