Билгийн тооллын XYII жарны “Алтан Унжлагат” хэмээх гал тахиа жилийн Төрийн золголт болов

2017 оны 3 сарын 02
 

Билгийн тооллын XYII жарны “Алтан Унжлагат” хэмээх гал тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө /2017.02.27/ Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат нар Есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийлээ.

Дараа нь Ерөнхийлөгчийг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд хүрэлцэн ирэхэд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар алд цэнхэр хадаг дэлгэн амар мэндийг нь эрэн золгож, хөөрөг зөрүүлэн мэнд мэдэлцэв.

 

Төрийн ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд болсон уг золголтын эхэнд  Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн Ц.Цэрэндорж төрийн их Хан хуурыг эгшиглүүлэн, гарч буй  XYII жарны “Алтан Унжлагат” хэмээх гал тахиа жилийн өнгийг засан төрийн өргөөний жаврыг үргээж төр түмэндээ өргөх магтаал туйллаа.

Үүний дараа Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн дэд хамба Ё.Амгалан, Дашчойлон хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав нар Төрийн хүндэтгэлийн өргөө гэрт морилон ирж Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нарт бараалхан золгож, гал тахиа жилийн өнгийг хэлэлцэв.

Жил бүрийн цагаан сарын шинийн нэгэнд төр, засгийн тэргүүнүүд настан буурлуудыг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд хүндэтгэн хүлээн авч, амар мэндийг айлтгадаг уламжлалтай.

Энэ жилийн төрийн золголтод Ж.Цэрэн, Д.Өрнөх, С.Гомбосүрэн, Ш.Бира, Б.Бадамсэд, О.Нагуужанай, Ж.Лхамсүрэн нарын настан буурлууд Төрийн ордноо хүрэлцэн ирж, Төрийн өндөрлөгүүд тэдэнд хүндэтгэл үзүүлэн амар мэндийг нь айлтган золгож, гарын бэлгээ гардуулсан юм. Эдгээр азай буурлуудаас Д.Өрнөх гуай өдгөө 100 насыг зооглож байгаа бөгөөд Төрийн золголтод оролцож байгаа ахмадуудаас хамгийн өндөр настай юм байна. Түүнчлэн Монгол Улсын Баатар, 99 насыг зооглоод буй П.Шагдарсүрэн гуай, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, 93 насыг зооглосон Л.Цогзолмаа гуай нар энэ жилийн төрийн золголтод хүрэлцэн ирсэн юм.

Билгийн тооллын XVII жарны “Алтан Унжлагат” хэмээх гал тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний энэхүү арга хэмжээний үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд хэвлэл мэдээллээр дамжуулан Монголын нийт ард түмэндээ сар шинийн мэнд дэвшүүлсэн юм.

УИХ-ын дарга М.Энхболд “Бичин жилийн өвлийг өнөтэй давсан өрх айл бүрт баяр хүргэж шинэ гарсан сарын Шинийн 1-ний мэндчилгээг Монгол төрийн хоймор болсон Есөн хөлт цагаан тугны босгон дээрээс дэвшүүлж байгааг Монголын нийт ард түмэн Та бүхэн хүлээж авна уу. Тахиа жил Монголчуудад ээлтэй сайхан жил байсан ийм түүхтэй юм билээ. 1921 оны цагаагчин тахиа жилд Ардын хувьсгал ялж 20 дугаар зууны Монгол орныг дархлан бүтээх үндэс суурь тавигдсан. 1945 оны хөхөгчин тахиа жилд Монголын нийт ард түмэн өөрийн улс орныхоо тусгаар тогтнолын төлөө саналаа өгч, улс орныхоо тусгаар тогтнолыг баталгаажуулсан. 1981 оны цагаагчин тахиа жилд Монгол хүн сансарт нисч, бид бүхэн огторгуйн уудамд улс орныхоо нэрийг дархалсан түүхтэй. Энэ жилийн тахиа жил ч гэсэн Монголчууд бид бүхэнд эвийг нэгтгэж, хүчийг хамтатгаж, эх орныхоо эдийн засгийг сайжруулах, ард иргэдийнхээ ахуй амьдралыг өөд нь татахад ихийг хийх бүтээх ийм сайхан жил гарч байна.” хэмээн онцлов.

Тэрээр үргэлжлүүлэн хэлсэн үгэндээ “Энэ жилийн хүндрэл бэрхшээлийн ачааны хүндийг бас боломжтой, чадалтай, тэнхээтэй хэсэг нь илүү үүрч ядарсан, зүдэрсэнийгээ хамт авч явж улс орон тахиа жилийн эцэст хүндрэл бэрхшээлээс бүрэн дүүрэн гарах болтугай гэж хүсэн ерөөе. Шинэ гарсан “Алтан Унжлагат” тахиа жил булган сүүлтэй байж Монголчууд бид бүхэнд ажилтай, орлоготой, айл өрх болгонд аз жаргалтай, эрүүл энх байх болтугай гэж хүсэн ерөөе. Сайхан шинэлээрэй хэмээн Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд онцлон хэлэв.

Төгсгөлд нь Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат нар УИХ-ын гишүүдтэй золголт хийлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41339
0 эможи
keyboard_arrow_up