Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва Япон Улсын Элчин сайдтай уулзлаа
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва эрхэм Элчин сайдтай уулзаж буйдаа талархаад түүхэн харилцаатай хоёр орны найрамдалт харилцаа шинэ шатанд гарсныг онцолсон юм. Үе үеийн элчин сайдууд хоёр орны харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан бөгөөд шинээр томилогдон ирсэн Элчин сайд Масато Такаокаг ч мөн өөрийн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва онцлов. Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх хүрээнд Япон Улсад боловсон хүчин бэлтгэх талаар ярилцсан юм.
Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока “Томилогдон ирснээсээ хойш тодорхой албаны хүмүүстэй уулзаж, санал бодлоо солилцсон. Таныг хүлээн авч уулзаж байгаад талархалтай байна. Удахгүй Япон-Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохионо. Энэ хүрээнд олон ажил хийгдэхээр үндсэндээ бэлтгэл ажил хангагдаад байна. Нөгөөтэйгүүр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа ч ирээдүйд үсрэнгүй хөгжил хүлээж байгаад эргэлзэхгүй байна. Энэ ч үүднээсээ бид цаашид ч тусламж, дэмжлэгээ үзүүлнэ. Боловсон хүчин бэлтгэх тал дээр судалж байгааг дуулгая.” гэж Масато Такаока тэмдэглэн хэлэв.
Талууд бусад асуудлаар ярилцаж, санал солилцсоноор уулзалт өндөрлөв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.