Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Хэн,Юу хэлэв?
Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан 51 гишүүний ирцтэйгээр дараах хуулийн төслүүдийг баталлаа. Хуулийн төслүүдийн хэлэлцүүлэгтэй холбоотой гишүүдийн байр суурийг хүргэж байна.
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг хүчин төгөлдөр бус гэж тооцох тухай хууль шинэчилсэн найруулгын эцсийн дээр нь саналтай гишүүд саналаа хэллээ.
ССАЖ сайд Ц.Оюунгэрэл:
Хуулийн эцсийн найруулгын өмнө он сарын хувьд 2014.06.15-ээс байсан чинь соёлын өвийн хяналтыг хийх хууль 7-р сарын 1-ээс хүчин төгөлдөр болох үед хуучин хууль маань хүчин төгөлдөр бус болох гэж байгаа учраас соёлын өвийн байцаагч нар маань 15 өдөр хяналтаа явуулахад эрх зүйн зохицуулатгүй болж байна. Тэр хяналттай холбоотой хуулийн он сарыг 7-р сарын 1 нь болгож өгнө үү. Нэг заалтыг хасах хэрэгтэй байна.
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл: Ц. Оюунгэрэл сайдын хэлээд байгаа асуудлыг Тамгын газрын хуулийн зөвлөх нар хариулах хэрэгтэй байна. Энэ бол зөрчилтэй болж байна уу? Хууль хоорондын зөрчлийг Тамгын газар хариуцдаг байх ёстой.
Иймд Соёлын тухай хуулиар байцаагч нь ажиллах хэрэгтэй байна гэж үзээд эцсийн найруулгыг авах боломжгүй боллоо.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүд зарчмын зөрөөтэй саналын томьёоллоор санал хурааллаа.
1.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.5.13-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хөрөнгө оруулагчийн импортолж байгаа тоног төхөөрөмжийн татварыг 2 жил хүртэл хугацаагаар сунгах тухай, эцсийн хэлэлцүүлэг/ хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа танилцууллаа.
Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа Төсвийн байнгын хорооноос төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулахдаа, Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан салбарын улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулалт хийх хэмжээг Засгийн газар баталж байх, мөн хуулийн төслийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзсэн гэв.
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл: Хууль хэрэгжих хугацааны хувьд тухайн хууль гарсан өдрөөс хэрэгжинэ гэж зааж байгаа байна. Татварын хөнгөлөлт чөлөөлтийг чинь Төсвийн хууль, Тогтвортой байдлын тухай хуулинд өөрчлөлт хийхгүй байх заалт байгаа. Иймд энэ заалтууд хууль хүчин төгөлдөр болох хугацааг зөрчилдүүлээд байна уу?
Тамгын газрын хүмүүсээс асуух гэж байна. Ингэж хууль хоорондын зөрчилтэй асуудлыг УИХ-д сануулах, зөрчилгүй байх үүргийг хариуцдаг. Энэ талаар юу гэж үзэж байгаа вэ?
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн: Хуулийн дагуу бол өөрчилсөн байсан. Харин чуулганаар хэлэлцэх үед энэ санал унасан. Гишүүд санал гаргаад 3/2 гарсан өдрөөс хүчин төгөлдөр болно гэсэн заалт оруулж ирж байгаа.
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж:
Нэгэнт үргэлжлүүлэх бол хооронд завсар гарч байгаа. Ингэж явж ирсэн, ингэж явах гэж байгаа. Дараагийн асуудал хүлээж байгаа учир батлах ёстой.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
Бид нар сайхан сэтгэл гаргаж байна. Одоо эдийн засгийн байдал хүндэрч байгаа тул хуулийн алдаа гаргаж болохгүй шүү дээ. Хүнд нөхцөл байдлыг ойлгож байгаа. Гэхдээ эдийн засгийн хүндрэлтэй байдлыг далимдуулж хууль зөрчсөн үйлдэл хиймээргүй байна.
“Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2.1-11.2.3-т заасан салбарын улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчийн тухайн төсөл, арга хэмжээний бүтээн байгуулалтын ажилд зориулан импортоор оруулж ирж байгаа техник, тоног төхөөрөмж, түүний иж бүрдлийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах эсхүл уг татварыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргаж болно” гэсэн санал дэмжигдлээ.
Мөн энэ хуулийн 40.2-т заасан улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээнд хийх хөрөнгө оруулалтын хэмжээг Засгийн газар тогтооно гэж өөрчлөн найруулах, энэ хуулийг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөхөөр тогтоох саналууд Улсын Их Хурлын гишүүдийн олонхын дэмжлэг хүлээв
Уг хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 46 нь буюу 92.0 хувь нь дэмжсэнээр хэлэлцүүлэг дууслаа.
2.Гаалийн албан татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүлгийг хийлээ.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортоор оруулж байгаа жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан батлуулах нь зүйтэй гэж Байнгын хорооны гишүүдийн олонх үзсэн тухай Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа илтгэлээ.
Тэрээр цааш нь хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үед хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулиудыг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлэх саналыг дэмжээгүй тул хуулийн төслүүдийг өргөн баригдсан хувилбараар нь буюу ердийн журмаар хэрэгжүүлэхээр тооцож төслийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн гэдгээ танилцуулав.
Энэ хуулийн төслийг бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Дээрх хуулийн төслүүд батлагдаж, хэрэгжиж эхэлснээр Засгийн газраас 100 хоногийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажилд нь бодитой дэмжлэг болж буйг Улсын Их Хурлын дарга З.Энхболд онцлон тэмдэглэв.