УИХ-ын дарга ахмадуудын чуулганд оролцов
УИХ-ын дарга М.Энхболд “Ахмад настны эрх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын баталгаа” Үндэсний чуулганд оролцов
“Ахмад настны эрх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын баталгаа” Үндэсний чуулган өнөөдөр (2017.02.10) Төрийн ордонд боллоо.
Уг чуулганыг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын ивээл дор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ахмадын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд чуулганд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ.
Тэрбээр “Монголын ахмадын байгууллага үүсэж хөгжсөний 85 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй Үндэсний чуулганд Монгол орныхоо өнцөг булан бүрээс өтгөс буурлуудаа төлөөлөн ирж оролцож байгаа Та бүхэнд, Та бүхнээр уламжлан Монголынхоо нийт ахмад настнуудад Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ өргөн дэвшүүлж, эрүүл энх, урт удаан нас, элбэг дүүрэн жаргалыг хүсэн ерөөе. 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ хэдийгээр эхний ээлжит чуулганаа л өндөрлөж байгаа боловч, ахмадуудынхаа эрх ашгийг хамгаалсан шинэ хууль, тогтоомж батлахад онцгой анхаарлаа хандуулж ажиллалаа. Ердөө нэг жилийн өмнө миний бие Тусгаар тогтнолын ордонд хэлсэн үгэндээ “Эзэн богд Чингис хаан, VIII Богд Жавзандамба хутагтын аль алины үед азай буурлуудаа хүндэтгэн, хишиг хүртээдэг сайхан уламжлалтай байсан. Энэ бол Монголын ёс. Энэ бол Монгол төрийн түүх ээ. Тиймээс манай нам ахмадууддаа зориулан “Ач санах хууль” батлуулж, өндөр насыг нь хүндлэн, хишиг хүртээх болно” гэж хэлж байсан. Миний хэлж байсан энэ үг өнөөдөр бодит ажил хэрэг болоод байна. Монгол Улсын Их Хурлаас “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, ахмадууддаа “Насны хишиг”-ийг жилд 2 удаа олгож байхаар боллоо. Олгож буй хишгийн хэмжээ, хүртээмжийг цаашид нэмэгдүүлэхийг бид зорих болно. Түүнчлэн өнгөрсөн сонгуулийн үеэр амласан тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зорилтоо хэрэгжүүлж, жилийн 18 хувь байсан зээлийн хүү өнөөдрийн байдлаар 15 хувь болоод байна. Мөн “Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай” хуулийг хэдхэн хоногийн өмнө УИХ баталлаа. Цаашид бид ахмадуудынхаа нийгэм, эрүүл мэндийн арга хэмжээнд цогцолбороор хандах зорилгоор “Ахмад настны талаар төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичгийг тусгайлан баталж гаргахаар төлөвлөж байна” гэв.
Чуулганд Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, А.Ундраа, Б.Ундармаа, яам, агенлагийн удирдлагууд болон 21 аймгаас 179, нийслэлийн есөн дүүргээс 215 төлөөлөгч оролцож байгаагийн зэрэгцээ төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагын 108 зэрэг нийт 689 төлөөлөгч оролцов.
Мөн Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр “Ахмад настны хууль, хуулийн хэрэгжилт, ахмадуудын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн батлагаа” сэдвээр, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Ахмад настны эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдвээр, Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар “Ахмадын байгууллагын нийгэмд эзлэх байр суурь, ахмад настны өмнө тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдвээр тус тус итгэл тавьж, хэлэлцүүлэв.
Улсын Их Хурлаас Ахмад настны тухай хуулийн баталж, 65-69 настанд 50 мянган төгрөг, 70-79 настанд 80 мянган төгрөг, 80-89 настанд 150 мянган төгрөг, 90-ээс дээш настай бол 250 мянган төгрөгийг “Насны хишиг” болгон жилд хоёр удаа олгох эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Тэтгэврийн зээлийн хүү жилийн 18 хувь байсныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан 15 хувь болгон бууруулсан. Хүүг бууруулснаас хойш 5.5 мянга орчим ахмад настан 6.1 тэрбум төгрөгийг бага хүүтэй зээлж авсан байна. Мөн ахмадууд тэтгэвэр авах банкаа өөрөө сонгох тогтолцоог бүрдүүлсэн. Одоогоор 12.8 мянган ахмад настан тэтгэвэр авах банкаа өөрөө сонгосон байгааг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр илтгэлдээ дурдав.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын нэр бүхий гишүүд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай зэрэг хуулийг санаачлан боловсруулж, УИХ-аар өнгөрсөн долоо хоногт батлуулсан.
Дээрх хууль батлагдсанаар малчдын тэтгэвэрт гарах хугацааг наашлуулж, эрэгтэй 55, эмэгтэй 50 настай тэтгэвэрт гарах нөхцлийг бүрдүүлснээс гадна малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд нийгмийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломжийг олгосон юм. Мөн эхчүүдийн тэтгэвэр тогтооход төрүүлсэн хүүхдийн тоогоор ажилласан жилийг 1,5 жилээр нэмж тооцох эрх зүйн орчныг бүрдүүлж чадсан.
Үндэсний чуулганы төгсгөлд уриалга гаргана гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.