Ногоон хөгжлийн бодлого батлах тухай тогтоолын төслийг дэмжив

2014 оны 6 сарын 06

Чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Байгаль орчин, хүнс,хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл танилцууллаа.

 

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Лүндээжанцан, Ц.Оюунбаатар , Б.Бат-Эрдэнэ, Ё.Отгонбаяр, А.Тлейхан, Л.Цог нарын тавьсан асуултад Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Ажлын хэсгийн гишүүд хариулт өглөө.

Гишүүдийн зүгээс Ногоон хөгжлийн үзэл баримтлал, хөтөлбөр орж ирж байгаад сайшаалтай хандаж байсан юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, эко систем гэдгийг зөвхөн байгаль хамгаалагчдын хэмжээнд бус бүх нийтээрээ мэддэг байх ёстой. Ногоон бизнесийг хөгжүүлэх боломжийг цаашид эрэлхийлэх нь чухал. Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр гэсэн бодлогын хоёр баримт бичгийг нэгтгэн томьёолох шаардлагагүй гэсэн байр сууринаас хандаж байсан бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар, “Ногоон хэрэм” төсөл болон түрүү түрүүчийн төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг дүгнэсэн эсэхийг тодруулж, бодит нөхцөл байдалдаа тулгуурласан хөтөлбөр хийж дараа нь үр дүнгий нь тооцдог байх хэрэгтэйг анхааруулж байв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Цог, байгаль экологийн чиглэлээр иргэд маш их санаа зовж олон хөдөлгөөн өрнүүлсэн байдгийг онцолж, ногоон хөгжлийн бодлогыг боловсруулахдаа тэднийг татан оролцуулж, байр суурийг нь сонссон эсэх талаар тодотгосон юм.

Гишүүд асуулт асууж хариулт авч дууссаны дараа Байнгын хорооноос дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулсныг дэмжив. Ингэснээр тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы хуралдаан өндөрлөв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4080
0 эможи
keyboard_arrow_up