ЧУУЛГАН: Дотоодын цэргийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2017 оны 2 сарын 09

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дотоодын цэргийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 14 хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр байна. Хуралдааны эхэнд Т.Аюурсайхан гишүүн “Эрдэнэт” үйлвэрийн 49 хувийг хэлэлцэх санал гаргасан ч УИХ-ын дарга М.Энхболд байнгын хорооны хуралдааны санал дүгнэлт ирээгүй байгааг уламжилсан юм.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Цагдаагийн албаны тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, батлав. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй Цагдаагийн албаны тухай хуульд алба хаагчийн эрх зүйн байдал болон цагдаагийн байгууллагын зарим үйл ажиллагаатай холбоотой харилцааг тусдаа хуулиар зохицуулахаар тусгасан. Гэвч дээрх зохицуулалтуудыг агуулсан тусгайлсан хууль одоог хүртэл батлагдаагүйн улмаас цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгаа, хөдөлмөрийн дотоод харилцаа зэрэг олон зохицуулалтууд нь Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг журмаар зохицуулагдаж байгаа юм. Мөн биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэхтэй холбоотой харилцааг зөвхөн журмаар зохицуулж иржээ. Тиймээс хуулийг шинэчлэн боловсруулж, дээрх дутагдалтай заалтуудыг нэмж байгаа юм.

Үүний дараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дотоодын цэргийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлд Дотоодын цэргийг сэргээн байгуулах асуудлыг тусгасан. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Л.Болд, “Чуулганы өнөөдрийн хуралдааны хуваарьт Дотоодын цэргийн тухай хууль ороогүй байсан. Дотоодын цэрэг байгуулах асуудал дээр УИХ нэлээд нухацтай хандах хэрэгтэй. Дотоодын цэрэг гамшгийн үед ажиллана гэж хуульчилсан байна Онцгой байдлын байгууллага гэж байгаа шүү дээ" гэсэн асуудлыг хөндсөн. Үүнд нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, “Дотоодын цэрэг 1922 онд байгуулагдаж, монгол төрийн төлөө ажилласныг 2014 онд татан буулгасан. Татан буулгасан нь буруу боллоо гээд Д.Дорлигжавын үед хууль өргөн барьж байсан. Үүнийг нь одоогийн Хууль зүйн яамныхан дахин өргөн бариад хэлэлцээд явж байна. Дотоодын цэрэг хамгаалалтын үйл явц хариуцна. Гамшиг гарсан үед буюу цагдаа хүчрэгдэхгүй болсон үед дотоодын цэрэг дэмжлэг үзүүлж ажиллах юм” гэсэн хариу тайлбар хийсэн. Гишүүд хэлэлцэж буй асуудлаар асуулт асуусаны дараа байнгын хорооны түвшинд гарсан 38 зарчмын зөрүүтэй санал тус бүр дээр санал хураалт явуулав. Хуулийг бүхэлд дэмжих эсэх дээр санал хураалт явуулахад олонх дэмжлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40770
0 эможи
keyboard_arrow_up