“Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал-хөрөнгө оруулалт” сэдэвт уулзалт боллоо
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал-хөрөнгө оруулалт” сэдэвт уулзалтыг өнөөдөр (2017.02.06) Төрийн ордонд зохион байгуулав.
Энэхүү уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав болон Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Үндэсний хөгжлийн газар, Ус сувгийн удирдах газар зэрэг төрийн байгууллагын төлөөлөл оролцов.
2016 оны арваннэгдүгээр сарын 09-ны өдөр тус байнгын хорооноос “Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал-хөрөнгө оруулалт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, мэргэжлийн байгууллагуудад хандсан зөвлөмжийг гаргасан юм.
Энэ удаагийн уулзалтаар дээрх зөвлөмжийн хүрээнд хийгдэж буй ажлуудын явц, үр дүнтэй танилцав. Уг зөвлөмжид шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэлд үнэлгээ өгч, ажлын хэсэг байгуулах, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологийг судалж, зураг төсөлд тусгах, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд заасан холбогдох журмуудыг боловсруулах, шугам сүлжээний үйл ажиллагаанд технологийн хяналт, шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг хохирол багатай, цаг алдалгүй арилгуулах, цэвэрлэх байгууламжийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд магадлагаа хийж, технологийн горимыг мөрдүүлэх зэрэг хэд хэдэн асуудлыг тусгасан байна.
Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр “УИХ-ын БОХХААБХ-ноос гаргасан зөвлөмжийн дагуу 2016 оны арванхоёрдугаар сарын 08-ны өдөр манай яамнаас дэд сайдаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хугацаанд хэд хэдэн удаагийн салбарын мэргэжилтэн, эрдэмтэн судлаач, төрийн буc байгууллагын төлөөллийг оролцуулсан томоохон хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, салбар хоорондын уялдааг сайжруулах арга хэмжээг авлаа. Үүний үр дүнд нэгдсэн ойлголтод хүрч, бодлогоо нарийн тодорхойлж чадсан. Одоо аль ч салбарт ажил эхлүүлэхэд ойлголтын зөрүү гарахгүй болсон. Олон удаагийн мэргэжлийн техникийн уулзалт, хэлэлцүүлгээс лаг болон бохир усны боловсруулалтын асуудлыг шийдэх гарцыг тодорхойлсон гэж болно. Уг шийдлээ шинэ цэвэрлэх байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэлд (ТЭЗҮ) тусгуулсан” хэмээн уулзалтын эхэнд танилцуулав.
Үндэсний хөгжлийн газрын дарга Д.Баярсайхан “Засгийн газрын 2015 оны 450 тоот тогтоолоор шинэ цэвэрлэх байгууламжийг Концессийн гэрээгээр барихаар тусгасан байсан. Энэ дагуу өмнөх Засгийн газрын үед уралдаант шалгаруулалтыг зарлаж, эхний шатанд 5 аж ахуйн нэгж шалгарсан бөгөөд төслийн санал авах эцсийн хугацаанд зөвхөн хоёр нь л материал ирүүлсэн. Бид цаг хугацаа хэмнэх үүднээс шинээр тендер зарлалгүй, өмнөх тендерийг нь үргэлжлүүлж байна. Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулсан болон гүйцэтгэлийн ажил хийх компаниудтай ойр ойрхон уулзаж, холбогдох засвар, нэмэлтүүдийг тусгуулсан. Шинэ цэвэрлэх байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл бэлэн болсон байгаа” гэв.
Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав Японы Иокохама хотын цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалсан талаар хэлээд технологийн зөв шийдлийг олон нь хамгийн чухал болохыг онцлов. Мөн лхагва гарагийн (2017.02.08) Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд шинэ цэвэрлэх байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл болон нэвтрүүлэх технолгийн талаар танилцуулахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгов гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.