УИХ-ын гишүүдийн дунд “Цэцэн түшээ” шатрын тэмцээн болж байна
Улсын Их Хурлын гишүүдийн дунд “Цэцэн түшээ” шатрын тэмцээн өнөөдөр /2017.02.06/ Төрийн ордонд болж байна.
Тэмцээнийг нээж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар нар үг хэлж, оролцогчдод амжилт хүслээ.
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хэлсэн үгэндээ “УИХ-ын Тамгын газар Монголын шатрын холбоотой хамтарч зөвхөн УИХ-ын гишүүдийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг энэ жил анх удаа албан ёсоор зохион байгуулж байна. УИХ-д шатрын спортыг дэмждэг, хөгжүүлэхийн төлөө явдаг, тоглодог гишүүд олон бий. Авхаалж, сэтгэн бодох, стратеги тактик гээд төрөл бүрийн чадавхийг суулгадаг оюун ухааны энэ спортыг хөгжүүлэхэд УИХ-ын гишүүд онцгой анхаарал хандуулж, идэвх санаачилгатай ажилладгийг дурьдахад таатай байна. Үе үеийн парламентын гишүүд хоорондоо тоглож, хэн нь мундаг вэ гэдгээ сорьцгоодог ч албан ёсоор аварга тодроогүй. Тиймээс албан ёсоор аваргаа шалгаруулах нь зүйтэй гэж үзсэн” гэв.
Өнөөдөр эхэлсэн энэхүү тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд
- УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж
- УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан
- УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
- УИХ-ын гишүүн Г.Занданшатар
- УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
- УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж
- УИХ-ын гишүүн А.Сүхбат
- УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн
- УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ
- УИХ-ын гишүүн Л.Энхболд нар өрсөлдөж байна.
Эмэгтэйчүүдийн ангилалд:
- УИХ-ын гишүүн Б.Саранчимэг
- УИХ-ын гишүүн А.Ундраа
- УИХ-ын гишүүн Б.Ундармаа нар өрсөлдөж буй юм.
Тэмцээний нээлтийн үеэр УИХ-д шатрын спортыг дэмжих лобби бүлэг байгуулагдсан бөгөөд ахлагчаар нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ажиллах болсныг дуулгалаа.
Тэмцээний дүн өнөө орой 18.00 цагт гарах юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.