ЧУУЛГАН: Эмч согтууруулах ундаа хэрэглэсэн хүнд хяналт тавина
УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгаж байна.
Хуулийн төсөлд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг Цагдаагийн байгууллагын харьяанд байх эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэхээр заасан юм.
УИХ-аас 2013 онд баталсан хуулиар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг эмнэлэгт эрүүлжүүлдэг нь өвчтөнүүдэд хүндрэл учруулж байгаа юм.
Иймээс дээрх хуулиар харьяаллыг нь өөрчлөх, согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдэд эмч хяналт тавин, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэхээр болж буй.
Чуулганы нэгдсэн хуралдаанд 76 гишүүн оролцох ёстойгоос 46 нь иржээ.
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.