Өнөөдрөөс татвараас 90 хувиар хөнгөлнө

2017 оны 2 сарын 03

УИХ-аас өчигдөр (2017.02.02) Аж ахуй нэгжийн орлогын албан татвар(ААНОАТ)-ыг 90 хувиар хөнгөлөх хуулийн төслийг баталлаа.

Ингэснээр жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, хүнс, хувцас болон нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн албан татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагааны орлогод 1 хувийн татвар ногдуулахаар болж байна.

Хууль батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжихээр заасан. Иймээс хуулийн төсөл “Төрийн мэдээлэл” эмхэтгэл сэтгүүлд хэвлэгдэн гарснаар биежнэ гэж ойлгож болох юм. Татварын хөнгөлөлтийг 2021 оны нэгдүгээр сарын 1 хүртэлх хугацаанд эдэлнэ.

Хэдий татварын хөнгөлөлт эдлэх салбар нь цөөхөн ч эдийн засаг хүндхэн байгаа үед баялаг бүтээгчдийн хувьд таатай мэдээ. Энэ хөнгөлөлт эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж ахуйн нэгжид хамаарах учраас экспортод бүтээгдэхүүнээ гаргах, импортыг орлохуйц бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргахад эцсийн зорилго оршиж байна.

Өөрөөр хэлбэл, таны компани барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бол татварын 90 хувийн хөнгөлөлт эдлэхгүй, харин барилгын арматур төмөр, цемент зэрэг барилга барихад шаардагдах түүхий эдийг үйлдвэрлэн гаргадаг бол татварын хөнгөлөлт эдлэх болж буй. Гэхдээ жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй нөхцөлд энэ боломжийг ашиглана.

Татварын ерөнхий газраас өгсөн мэдээллээр 90 хувийн татварын хөнгөлөлтөд 4678 аж ахуйн нэгж хамаарна. Улсын төсөвт төвлөрөх ААНОАТ-ын орлого 1.3 тэрбум төгрөгөөр буурахаар байгаа. Орж ирэх орлого ийн буурах ч ажлын байрыг хадгалах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл зах зээлд нийлүүлэгдэхээрээ эргээд эдийн засагт ирэх өгөөж нь өндөр тусах ач холбогдолтойг эдийн засагчид тайлбарлаж байгаа юм.

УИХ-аар анх төслийг хэлэлцэж эхлэхэд татварын хөнгөлөлт эдлэх салбарыг өргөн хүрээнд хамруулж авч үзэх шаардлагатай тухай хууль тогтоогчид сануулж, зарим нь “лобби”-гоо хүчтэй хийж байлаа. Худалдааны салбараас эхлээд чацаргана тариалагчдыг, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд ч татварын хөнгөлөлт эдлэхээр болж, хавтгайрсан. Өөрөөр хэлбэл, бүгдийг татварын хөнгөлөлтөд хамруулбал ААНОАТ 20 гаруй тэрбум төгрөгөөр буурахаар байв.

Нөгөө талдаа худалдаа бол баялаг бүтээдэггүй салбар, үүнд төр дэмжлэг үзүүлснээрээ аж ахуй эрхлэгчдийн хувьд баялаг бүтээхээс илүүтэй худалдаа наймаа эрхлэх сонирхолыг нь өдөөх учраас Засгийн газар зорьсон зорилтоо хэрэгжүүлэх боломжгүй болох байв. Иймээс Засгийн газар нэг бол төслөө татан авах, эс бол УИХ-ын гишүүд саналаа татах гэсэн хоёр хувилбар байснаас эцсийнхийг нь УИХ гаргаснаар намрын чуулган завсарлахаас урьтаж энэхүү төсөл батлагдлаа.

Одоо гол нь татварын хөнгөлөлт эдлэх аж ахуйн нэгжүүд нь ажлын байраа хадгалах, ажлын байрыг шинээр бий болгох, бүтээгдэхүүн нь чанартай байх, гадаад зах зээлд өрсөлдөхүйц байх зэрэг шаардлагыг тавьж эхлэх ёстой болж буй.

Тэр дундаа хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн хувьд дотоодынхоо хэрэгцээг экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах зорилт тавьж ажиллах нь чухал болж байгаа. Ингэсэн нөхцөлд зорилгодоо хүрч, татварын хөнгөлөлтийн үр шим гарах юм.

Монгол Улс 60 сая толгой малтай ч сүүнийхээ хэрэгцээг дотоодоосоо хангаж чадахгүй ихэнх хэрэглээгээ импортоор оруулж ирсэн сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангадаг нь асар их валют гадагшаа урсах бас нэгэн шалтгаан болсоор байгаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40605
0 эможи
keyboard_arrow_up