БОХХААБХ-ны гишүүд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллав
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав, тус байнгын хорооны гишүүн Г.Тэмүүлэн, А.Сүхбат, Г.Мөнхцэцэг нар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт баримталж буй бодлого, салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонсож, санал солилцох зорилгоор өнөөдөр /2017.01.30/ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллаа.
Уулзалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, дэд сайд Ж.Сауле, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга болон газрын дарга нар оролцсон юм.
Уулзалтын үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ахлах мэргэжилтнүүд Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн талаарх товч танилцуулгыг хийсэн.
Үүний дараа ХХААХҮЯ-ны газрын дарга нар тулгамдаж буй асуудлаа нэгд нэгэнгүй ярьж, гишүүдэд танилцуулсан юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн товч мэдээлэл хийв.
Нэгдүгээрт, Мал, аж ахуйн салбар дээр малын үржлийн асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлагатай байгаа. Малын эрүүл мэнд үүн дотор эрүүл байгаа малаа эрүүл байлгах, бүртгэл, хяналт шинжилгээний асуудал багтаж байна. Атрын 3-р аяны хүрээнд хүнсний аюулгүй байдал дээр онцгой анхаарна. Экспортонд гаргана гэж ярихаасаа өмнө эхлээд хүнсний ногоо, жимс жимсгэнээр дотоод зах зээлийнхээ 15 хувийг хангадаг болох зорилт тавин ажиллаж байна. Түүнчлэн хүнсний салбарын аюулгүй байдалд онцгойлон анхаарч ажиллах шаардлага тулгарч байгаа. Өөрөөр хэлбэл гарал үүслийн гэрчилгээ, баталгаажуулалтын асуудлыг цэгцлэнэ гэж бодож байгаа. Дараагийн том яригдах ёстой асуудал бол цэцэрлэгийн хоолны асуудал. Ирээдүйгээ гэрэл гэгээтэй байлгая гэвэл хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, идэж буй хоол, хүнсний асуудалд манай Улсын Их Хурлын гишүүд, холбогдох яам нь онцгой анхаарал хандуулж ажиллах хэрэгтэйг энд хэлмээр байна. Цаашдаа та бүхэнтэй ойр уулзаж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна хэмээн Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн хэлэв.
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав “Өнөөдрийн уулзалт их үр дүнтэй байна. Тулгамдаж буй асуудлыг сонсож, мэдээлэлтэй болох нь чухал. Газар тариалан, мал аж ахуй, хүнсний чиглэлээр хийгдэх нааштай ажлууд харагдаж байна. Мал аж ахуйн салбартаа чанарыг эрхэмлэх нь чухал. Үүнийг олон улсын байгууллагууд ч зөвлөж байсан. Нэгдсэн бодлого алдагдсаны улмаас чанар, үүлдрийн асуудал яригдаж байгаа энэ цаг үед та бүхний оруулж ирсэн бодлого зөв бодлого гэдгийг тодотгоё. Хоёрдугаарт нь Атрын 3-р аян байна. Газар тариалангийн бодлоготой хүнсний аюулгүй байдал уялдаатай явагдах ёстой. Дотоодын хэрэглээг нэмэгдүүлж импортын бодлогод өөрчлөлт оруулж, татварыг 20-30 хувиар нэмэгдүүлснээр чанаргүй хүнсний бүтээгдэхүүнээс сэргийлэх боломжтой гэж бодож байна. Мөн ложистикийн бодлогыг та бүхэн цаашдаа Зам тээврийн яамныхантай хамтран хэрэгжүүлж хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ цаг алдалгүй тээвэрлэдэг байх асуудлыг шийдэх хэрэгтэй гэж үзэж байна. Түүнчлэн боловсон хүчний асуудлыг ярих хэрэгтэй. Жилд хичнээн оюутан хөдөө аж ахуйн чиглэлээр сургууль төгсөөд хэд нь хөдөө явдгыг нарийн гаргамаар байна. Жилд 200 гаруй оюутан төгсч үүнээс ердөө 20-30 хувь нь л хөдөө явж байгаа тухай дуулсан. Ийм ч учраас үүнийг урамшууллын бодлогоор дэмжиж цэгцэлмээр байна” хэмээн онцоллоо.
Төгсгөлд нь УИХ-ын БОХХААБХ-ны гишүүд ХХААХҮЯ-ыг дэмжиж ажиллахаа илэрхийлээд ойрын хугацаанд дахин уулзаж тус яамнаас хэрэгжүүлж буй бодлого, тулгамдаж буй асуудлыг хамтдаа шийдвэрлэн ажиллах нь чухал гэдгийг тодотгов гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.