УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

2017 оны 1 сарын 25

Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Монгол Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд салбарын яамнаас тодорхой ажлуудыг төлөвлөн, удирдлагаар ханган ажиллаж байгааг Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат төсөл санаачлагчийн илтгэлийнхээ эхэнд танилцуулсан юм. Манай орны уул уурхайн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж, экспортыг нэмэгдүүлэх асуудлын хүрээнд төмрийн хүдрийн экспортыг дэмжих, төмөр замын дэд бүтцийн сүлжээг өргөтгөх үүднээс Дорноговь аймгийн нутагт байрлах УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Зүүнбаян өртөөнөөс улсын хилийн Ханги боомт хүртэлх шинэ чиглэлийн төмөр зам барих төслийн урьдчилсан судалгааг боловсруулжээ. Түүнчлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам баригдсан тохиолдолд тээвэрлэх үндсэн ачаа нь төмрийн хүдэр, зэсийн баяжмал, нефть зэрэг түүхий эд бараа бүтээгдэхүүн байх аж. Үүний үр дүнд дотоодын түүхий эдийн өрсөлдөх чадвар дээшилж, тээвэрлэлтийн зардал буурах тооцооллыг гаргасан байна. Тодруулбал, тээвэрлэлтийн замын урт 350 гаруй км-ээр багасаж, нэг тонн төмрийн хүдрийн тээвэрийн зардал 3-4 ам.доллароор буурах юм байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, Б.Дэлгэрсайхан, Б.Баттөмөр нар ажлын хэсгээс асуулт асууж, тодруулга хийсэн юм. Зүүнбаян-Ханги гэж шинэ чиглэл гаргах нь хэр оновчтойг Улсын Их Хурлын гишүүд тодруулаад үүнийгээ Сайншанд-Ханги болгон өөрчлөх боломжийг судлах, шинээр тавих төмөр замын царигийн асуудлыг нарийвчлах, бүтээн байгуулалтын санхүүжилт болон төр, хувийн хэвшлийн концессыг дэмжих, цаашлаад бодлогын баримт бичгээ цогцоор нь шинэчлэх талаар анхаарах зэрэг саналыг хэлж байв. Ийнхүү тогтоолын төслийн үзэл баримтлалыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, хэлэлцүүлэхээр санал хураалт явуулахад гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн юм.

“Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг энэ өдрийн хуралдаанаар мөн хэлэлцсэн. Салбарын сайд Д.Ганбат төсөл санаачлагчийн илтгэлийг танилцууллаа. Иргэний нисэхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад "агаарын навигаци гэж агаарын хөлгийн байршил, хөдөлгөөнийг тодорхойлох, удирдан чиглүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааны цогцолбор” гэж, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “нислэгийн хөдөлгөөнд үйлчлэх зориулалттай нэгдмэл системийн барилга байгууламж, тоног төхөөрөмж төрийн өмчид байна” гэж, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт “Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэх замыг холбоо, навигацийн төхөөрөмжөөр нислэгийн аюулгүй байдлыг хангах түвшинд тоноглосон байна” гэж, Монгол Улсын Их Хурлын 2013 оны 18 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын 9.8.1-д “Иргэний нисэхийн дэд бүтэц болох холбоо, навигаци, бодит ажиглалтын тоног төхөөрөмж, улсын хөрөнгө оруулалтаар баригдсан томоохон нисэх буудлын дэд бүтэц, барилга байгууламжийг улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой гэж үзэж төрийн өмчлөлд байна” гэж тус тус заажээ. Гэтэл Монгол Улсын Их Хурлын 1999 оны 64 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт”-ын хоёр дахь хэсгийн 5 дахь заалтад “Нислэгийн хөдөлгөөнийг удирдах, аюулгүй байдлыг хангах барилга байгууламж, онгоц хөөрөх зурвас, нийтийн хэрэгцээний аэродром” гэж зөвхөн барилга байгууламжийн хэсэг нь тусгагдсан байна. Олон улсын иргэний нисэхийн байгууллагын зөвлөмж, Иргэний нисэхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор агаарын навигацийн үйлчилгээний тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх, орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх төсөл хөтөлбөрүүдийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд 2015 онд 40.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий есөн төрлийн ажиглалтын, 87.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий 6 төрлийн навигацийн, 9.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий 13 төрлийн холбооны тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа ашиглаж байна. Иймд олон улсын иргэний нисэхийн “Чикагогийн конвенц”-иор хүлээсэн Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлгийн нислэгийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй холбогдуулан агаарын навигацийн үйлчилгээний холбоо, навигаци, ажиглалтын тоног төхөөрөмжүүдийн нэгдсэн сүлжээ, дэд бүтэц нь төрийн өмчид байх шаардлагатай хэмээн үзэж дээрх Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар агаарын навигацийн үйлчилгээний тоног төхөөрөмжүүдийг хувьчилж болохгүй үндэслэлийн талаар болон бусад орны жишгийн талаар тодруулсан юм. Ажлын хэсгийн гишүүн, ИНЕГ-ын Агаарын навигацын бодлогын хэлтсийн менежер Ганболд өгсөн хариултдаа, өдөрт Монгол Улсын агаарын орон зайд өдөрт тодорхой тооны тогтмол нислэг үйлдэгддэг ба нэг онгоцонд агаарын навигацын үйлчилгээ үзүүлэхэд олон төрлийн тоног төхөөрөмж ашигладаг. Эдгээрийг хувьчлах эрх зүйн орчин бүрдээгүй, агаарын орон зайн аюулгүй ажиллагааг хангах дүрэм, журмууд бүгд хуульчлагдсан байдаг. Бусад орнууд, тэр дундаа хөрш орнуудын энэ төрлийн дэд бүтэц нь төрийн өмч байдаг жишээ бий. Өнөөдрийн байдлаар зөвхөн Герман, Тайландад энэ төрлийн дэд бүтцийг хувьчилсан байдгийг хэллээ. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ч.Хүрэлбаатар, Д.Тэрбишдагва нар санал хэлсэн. ИНЕГ олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээс гадна Монгол Улсын иргэдийн өмнө үүрэг хүлээж, эрх ашгийг хамгаалан ажиллах ёстойг гишүүд онцолж байв. Эдийн засгийн ач холбогдолтой чухал салбар болох аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ИНЕГ чухал үүрэгтэй байхад чиглэлийн нислэгүүдийн хуваарилалтыг давхардуулдаг, газар зүйн байрлалын онцлогоос шалтгаалан Монгол Улсад зорчих хамгийн боломжит хувилбар нь онгоцоор нисэх байдагч өртөг нь бусад орны нислэгтэй харьцуулахад хэт өндөр байдаг. Улс орон, иргэдийн өмнө хүлээсэн үүргээ ийм байдалтай гүйцэтгэдэг атлаа олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой гэдэг байдлаар ажилдаа хандаж байгааг шүүмжилсэн юм. Цаашид иргэдэд ашигтай, эдийн засгийн үр өгөөжтэй үйлчилгээг нэвтрүүлэх санал, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээ дэмжих хөтөлбөрийн төсөл зэрэгт анхаарал хандуулах шаардлагатай байгаа зэрэг санал хэлсэн юм. Улсын Их Хурлын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40346
0 эможи
keyboard_arrow_up