Арбитрын тухай хуулийн талаар Ерөнхийлөгчид хүсэлт хүргүүлэв
Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нарийвчлан судалж, УИХ-д чиглэл өгөх хүсэлтийг О.Баасанхүү гишүүнээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүргүүлжээ.
О.Баасанхүү гишүүн уг хуулийн төслийг батлах нь Монгол Улсад эрсдэлтэй хэмээн үзэж байгаа юм. Тэрбээр, “Энэ хуулийг маш нарийн боловсруулах хэрэгтэй. Одоо өргөн мэдүүлсэн хуулийн төслийг дагалдуулан өргөн мэдүүлсэн Газрын тухай, Банкны тухай, Газрын тосны тухай, Эрчим хүчний тухай, Харилцаа холбооны тухай хуульд эргэж харах асуудал байна. Тухайлбал дээрх хуулиудад “Арбитрын хэлэлцээртэй байвал арбитраар, өөр тохиолдолд шүүхээр шийдүүлнэ” гэсэн өгүүлбэр орсон. Арбитрийн хэлэлцээр гэдэг нь Арбитрын тухай хуулийн 2.1.3-т “Арбитрийн хэлэлцээр байгуулах үед уг хэлэлцээрийн талууд өөр өөр улсад үйл ажиллагаа явуулж байгаа бол олон улсын арбитрийн маргаан гэж үзнэ” гэж заасан байгаа. Энгийнээр тайлбарлахад гадны иргэн Монгол Улсад газар эзэмшээд түүн дээр маргаан үүсвэл олон улсын арбитрын маргаан гэж үзэх боломжтой болно. Бидний газар нутгийн асуудлыг гадныхан шийдэхэд хүрэх юм. Түүнчлэн олон улсын арбитраар асуудал шийдүүлэхэд өмгөөлөгчийн төлбөрөөс эхлээд зардал их гардаг. Тиймээс нарийвчлан боловсруулах хэрэгтэй тул энэ талаар УИХ-д чиглэл өгөх хүсэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн” гэв.