ӨБХ: Халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү шилжих бодлого баримтална

2017 оны 1 сарын 24

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Ажлын байр нэмэгдүүлэх, ажилгүйдлыг бууруулах арга зам” сэдэвт хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан саналын дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар ХНХ-ын сайдын мэдээллийг сонсов.

Өргөдлийн байнгын хорооноос “Ажлын байр нэмэгдүүлэх, ажилгүйдлыг бууруулах арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг өнгөрсөн оны 11 дүгээр сард зохион байгуулсан. Мөн ХНХЯ болон МҮЭХ, МАОЭНХ хооронд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр байгуулж энэ сард гарын үсэг зурсан. Уг хэлэлцээрт эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд төсөвт нэмэлт дарамт учруулахгүй байх, хөдөлмөрийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ажлын байр хадгалах, шинээр бий болгох чиглэлээр дөрвөн бүлэг 49 заалт бүхий арга хэмжээг тусгасан гэдгийг ХНХ-ын сайд Н.Номтобаяр танилцуулав.

Тэрбээр, Хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр Хөдөлмөрийн тухай, Нийгмийн даатгалын багц хууль, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай болон хүн амын бодит орлогыг хамгаалахад чиглэсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Мөн зорилтот бүлгийн иргэдийг халамжаас хөдөлмөр эрхлэлтэд шилжүүлэх, ажлын байр бий болгох, хадгалах чиглэлээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийг шинэчлэхээр ажиллаж байна.

Түүнчлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөлийн хуралдаанаар ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Мөн хөдөө орон нутагт ажиллаж буй залуусыг дэмжих буюу малчдыг дэмжих хөтөлбөр багтсан байгаа" гэлээ.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тайлбар авсан юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн гадаадад ажиллах хүч гаргах талаар хийж буй ажлыг тодруулав. ХНХ-ын сайд, "Эдийн засгийн хямралтай үед иргэдийг гадаадын улс оронд тодорхой хугацаанд өндөр цалинтай ажлын байранд зуучлах арга хэмжээг төрөөс авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, 2016 онд мянга гаруй иргэнийг Япон, БНСУ-д ур чадварын дадлага эзэмшүүлэх, хөдөлмөрийн гэрээгээр аж үйлдвэрийн салбарт ажиллуулахаар зуучилсан. 2017 онд Япон Улсад ур чадварын дадлага эзэмшүүлэх Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах, Австрали Улсад “Ажиллах ба амрах хөтөлбөр”-ийн хүрээнд 4 хүртэлх сар суралцах, 6 хүртэлх сар ажиллахад дэмжих Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэв.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Гарамжав ажлын байр бий болгож байгаа жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжих системийн талаар асуув. Жижиг, дунд бизнес эрхлэгч, худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн дэмжих зорилгоор аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгон бууруулах зорилт, үйл ажиллагааг Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т тусгасан хэмээн ХНХ-ын сайд хариулав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40288
0 эможи
keyboard_arrow_up