Нялх хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүнийг хуульчилна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 1981 онд Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний маркетингийн тухай олон улсын хуулийг баталсан байдаг. Харин манай улс 2005 онд Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хуулийг баталсан. Тэгвэл Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хууль батлагдаж хэрэгжсэн 11 жилийн хугацаанд уг хуульд нэмэлт, өөрчлөлт хийгдээгүй бөгөөд зохицуулж байгаа харилцаа нь өнөөгийн нөхцөлд бүрэн нийцэхгүй болсон учраас хуулийг шинэчлэх шаардлага үүсчээ.
Тухайлбал, хуулийн нэр, хуульд хэрэглэгдэж байгаа нэршил, тайлбар буруу томьёологдсон, оролцогч талуудын харилцааг бүрэн тусгаагүй орхигдуулсан, хуульд дурдагдсан бүтээгдэхүүний зар сурталчилгааны зохицуулалт өнөөгийн мэдээллийн технологийн хөгжлийг гүйцэхгүй болсон, нэгээс дээш насны балчир хүүхдийн хоол, ундтай холбогдох харилцаа зохицуулалтгүй орхигдсон, хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага сул зэргээс үндэслэн хуулийг шинэчлэн сайжруулах шаардлагатай болсон гэдгийг хууль санаачлагчид онцоллоо.
Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хуулийг шинэчлэн найруулахаас гадна Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулжээ. Хуулийн төсөлд хуулийн хүрээнд дурдсан бүтээгдэхүүний найрлага, үйлдвэрлэл, сав, баглаа боодол, шошгод тавих ерөнхий болон тусгай шаардлага, хориглох зүйл, бүтээгдэхүүний зар сурталчилгааны зохицуулалт зэргийг нарийвчлан тусгасан аж.
Байнгын хорооны саналаар хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 92.7 хувь нь дэмжсэн юм.