Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар 4 асуудлыг хэлэлцлээ
Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2017.01.19/ үдээс өмнөх хуралдаанаар Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хуулийн төслийн үзэл баримтлалыг хуулийн төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Г.Занданшатар танилцууллаа.
Тэрбээр, Төрийн шийдвэр боловсруулах, хэлэлцэх, батлах, хэрэгжилтийг нь хянах бүхий л үйл ажиллагаанд иргэдийг оролцуулж, тэдний үзэл бодлоо илэрхийлэх, шийдвэрт саналаа шууд тусгах боломжийг бүрдүүлэх нь ардчиллын суурь зарчмыг бэхжүүлэх үндсэн нөхцөл юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.”, Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9 дэх заалтад “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох”, 16 дахь заалтад “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, ...” зэрэг ардчилсан нийгмийн үнэт зүйл болсон иргэний суурь эрхийг баталгаажуулсан.
Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх заалтуудыг хэрэгжүүлэх, иргэдийн оролцоог хангах чиглэлээр 30 орчим хууль, тогтоол баталсан байна.
Сүүлийн жилүүдэд Улсын Их Хурлаас батлан гаргасан Захиргааны ерөнхий хууль, Нийтийн сонсголын тухай, Хууль тогтоомжийн тухай хуулиуд нь эрх бүхий байгууллагуудаас нийтээр дагаж мөрдөх хууль, тогтоол, хэм хэмжээ тогтоосон бусад шийдвэрийн төслийг санаачлан боловсруулж, батлан гаргахдаа уг хууль, шийдвэрийн төслийн талаар ашиг сонирхлын бүлгүүд, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн эвсэл, холбоод болон иргэдийн саналыг авах нийтийн хэлэлцүүлэг, нийтийн сонсгол, сонсох ажиллагааг зохион байгуулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлж байна. Эдгээр зохицуулалт нь иргэдээс төрийн үйл хэрэгт оролцох оролцоог хангахад чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй юм.
Улсын Их Хурлаар хэлэлцэн батлах хуулийн төсөлд иргэд санал өгөх нь жил ирэх тусам нэмэгдэж, иргэдийн улс төрийн идэвх, соёл төлөвшиж байгаа хэдий ч иргэд бүх шатны төрийн болон нутгийн захиргаа, нутгийн өөрөө удирдах байгууллагын бодлого боловсруулах, шийдвэр гаргах албан ёсны ажиллагаанд тэр бүр оролцож чадахгүй, гаргасан шийдвэр нь иргэдийн ашиг сонирхол, нийгмийн амьдралын бодит шаардлагад нийцэхгүй байх тохиолдол цөөнгүй гарсаар байгаа нь аливаа хууль, шийдвэрийн төслийг санаачлан боловсруулах ажиллагааны явцад иргэдтэй зөвлөлдөх үйл явцыг бүрэн хангаж чадахгүй байгааг харуулж байна гэлээ.
Хууль, шийдвэрийн төслийн талаархи нийтийн хэлэлцүүлэг, нийтийн сонсгол, сонсох ажиллагаа зэрэг санал авах ажиллагааны дүнд иргэд, байгууллагуудаас гаргасан санал нь төрөөс зохицуулах нийгмийн харилцааны хүрээнд тэр бүр хамаарахгүй байх, амьдралын бодит шаардлагыг тусгасан саналыг хууль, шийдвэрийн төсөлд хэрхэн тусгах нь эрх бүхий байгууллагын үзэмжийн асуудал болох, эсхүл улс төрийн олонхийн байр сууринаас хандаж шийдвэрлэх нь зөвлөлдөх ардчиллын шаардлагыг тэр бүр хангаж чадахгүй байна. Иймд аливаа асуудлыг шийдвэрлэхдээ иргэдийн байр суурь, хүсэл эрмэлзлэл, саналыг зөвлөлдөх ардчиллын зарчмаар тодруулах эрх зүйн механизмыг бий болгож хуульчлах шаардлагатай байна гэж танилцуулгад дурдсан.
Хууль, шийдвэр батлахдаа нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг иргэдийн зөвлөлдөх санал асуулгаар тодруулах, улмаар түүнийг шийдвэрлэх шийдлийн талаар иргэдтэй зөвлөлдөх механизмыг шинээр бий болгосноор баталсан хууль, шийдвэр иргэдийн дэмжлэгийг авах, бодитой хэрэгжих үндсэн нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзэж буй юм байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх явцад гишүүд асуулт асууж, үг хэлээгүй бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат танилцуулсан юм.
Хуулийн төслийн үзэл баримтлалын талаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ц.Нямдорж, Ж.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар нар асуулт асууж, Ё.Баатарбилэг, Д.Лүндээжанцан, Ч.Хүрэлбаатар, Д.Гантулга, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэж заасан нь торгох, баривчлах үндсэн шийтгэлийг давхардуулж оногдуулах зөрчилтэй зохицуулалтыг бий болгосон байна.
Дээрх хуулийн төсөлд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан баривчлах шийтгэлийг оногдуулах эрх бүхий албан тушаалтныг тодорхой болгож, үндсэн шийтгэлийг давхардуулан оногдуулахаар заасан зөрчлийг арилгахаар тусгасан байна.
Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцуулсан.
Хууль зүйн байнгын хороо 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаараа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, О.Баасанхүү, Д.Сарангэрэл нар асуулт асууж байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслүүдийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжин, хуулиудыг баталлаа.
Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ
Мөн өдрийн хуралдаанаар Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хуулийн төслийн үзэл баримтлалыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцууллаа.
Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалд дараахь асуудлыг тусгасан байна. Цагдаагийн алба хаагч гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд зайлшгүй гүйцэтгэдэг арга, ажиллагааг зөвхөн хуульд заасан хүрээнд гүйцэтгэж, зөрчсөн бол хариуцлага хүлээлгэдэг байхаар тусгажээ. Мөн цагдаагийн байгууллагын удирдлага, зохион байгуулалтын бүтцийг нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх зарчимд нийцүүлэн тодорхойлж, цагдаагийн алба хаагчийн эрх, үүрэг, түүнд хориглох зүйл, нийгмийн баталгаа, эрх зүйн байдлыг өөрчлөн томьёолж, эрхэлж байгаа албан тушаал, алба хаасан хугацаа, ажлын үр дүнг харгалзан цагдаагийн алба хаагчид цол олгодог байхаар тусгажээ. Цагдаагийн алба хаагч гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор бусдын орон байранд нэвтрэн орж хохирогч болон гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг шалгах, холбогдох хуульд заасны дагуу аюулын зэргийн үнэлгээ хийж, түүнийг үндэслэн хохирогчийг түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв болон эмнэлэгт хүргэх, эсхүл боломжтой бол төрөл, садан, ойр дотны хүний түр хамгаалалтад өгөх, цагдаагийн байгууллагын тодорхой албан тушаалд анхлан томилох, алба хаагчийг албан тушаал дэвшүүлэн томилохдоо алба хаагчийн мэдлэг, мэргэжил, ур чадвар, гаргасан амжилт, хувийн болон мэргэжлийн ёс зүйг үндэслэл болгох, албан тушаал эрхлэх шат дарааллыг баримтлах зарчим зэрэг асуудлыг тусгасан байна.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дээрх хуулийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан.
Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар эргүүлийн алба гүйцэтгэж байгаа болон олон жил алба хааж байгаа цагдаагийн алба хаагчдын нийгмийн асуудлыг хэрхэн тусгасан талаар болон цагдаагийн цол олгох асуудлыг хэлэлцүүлгийн явцад анхаарах, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар цагдаагийн төв байгууллагын дарга, дэд даргыг томилж, чөлөөлөх асуудал нь Засгийн газрын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжтой нийцэж байгаа эсэх, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага нь нийтийн хэв журам хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ орон нутгийн засаг захиргааны байгууллагатай хамтран ажилладаг байх, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар зөвшилцөн гэдэг нь томилох гэж байгаа албан тушаалтныхаа талаар дүүрэг, орон нутгийн удирдлагад урьдчилан мэдээлэл хүргүүлж, санал солилцож байгаа хэлбэр бөгөөд тус байгууллагын материаллаг бааз бэхжиж, харилцан ойлголцол бий болдог сайн талтай юм, мөн цагдаагийн байгууллагын тэргүүн дэд дарга, дэд дарга нь гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажпын дадлага туршлагатай гэсэн шаардлагад нийгмийн хэв журмыг хангах чиглэлээр гэдгийг нэмэх, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын чиг үүрэгт орон нутагт хэрэгжүүлэх хэд хэдэн үүргийг нэмж тусгаж, тухайн шатны Засаг даргатай харилцах харилцааг өргөжүүлэн тодотгох, УИХ-ын гишүүн Л.Энхболд сум, орон нутагт ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдын ажлын байрны нөхцөл, нийгэм, эдийн засгийн асуудлыг нь шийдвэрлэхэд анхаарах нь зүйтэй гэсэн саналыг тус тус гаргажээ.
Түүнчлэн, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нутгийн өөрөө удирдах байгууллага нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажилд олон нийтийн цагдаа ажиллуулж байгаа боловч таних тэмдэг, тусгай хувцас, нэг бүрийн тусгай хэрэгсэл болон холбогдох зардлыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжид заасны дагуу санхүүжүүлж байгаа ч олон нийтийн цагдаагийн эрх хэмжээ, оролцоог цаашдаа анхаарах нь зүйтэй гэсэн саналыг гаргасан байна.
Хуулийн төслийн үзэл баримтлалын талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ц.Даваасүрэн, Л.Энх-Амгалан, Д.Тогтохсүрэн, Н.Оюундарь, Н.Цэрэнбат нар асуулт асууж, УИХ-ын гишүүн А.Сүхбат, Л.Мөнхбаатар, Л.Элдэв-Очир нар үг хэлж байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Дотоодын цэргийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг эхлэв
Үдээс өмнөх хуралдаан Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалын талаархи танилцуулга, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонссоноор өндөрлөсөн юм.
Монгол Улсад дотоодын цэрэг анх 1922 онд үүсгэн байгуулагдаж улсын чухал объектын харуул хамгаалалт, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, олзлогсод болон хоригдлыг хуяглан хүргэх, төр засгийн шийдвэрээр улс оронд гарсан үймээн самууныг таслан зогсоох үүргийг голчлон гүйцэтгэж иржээ. Дотоодын цэрэг нь НАХЯ-ны /хуучин нэрээр/ Хилийн ба Дотоодын цэргийн удирдлагад, 1990 оноос 2014 онд татан буугдах хугацааг хүртэл цагдаагийн төв байгууллагын удирдлагад чиг үүргээ хэрэгжүүлж байжээ.
Монгол Улсын Их Хурлаас 1995 онд батлагдсан Дотоодын цэргийн тухай хуулийг 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болгож дотоодын цэргийн чиг үүргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
Зэвсэгт хүчнийг дотоодын үймээн самуун, зэвсэгт бослогыг дарахад ашиглах нь зэвсэгт хүчнийг ард түмний эсрэг ашиглахын нэг хэлбэр бөгөөд энэ нь зэвсэгт хүчний эх орноо хамгаалах үндсэн чиг үүргээс гажсан, хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдах өндөр эрсдлийг дагуулдаг төдийгүй зэвсэгт хүчнийг улс төрийн тэмцэлд ашиглах, хутган оролцуулах боломж нээгдэж олон улсын тавцанд улс орны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх алхам болдгийг дэлхийн улс орнуудын жишгээс харж болно.
Түүнчлэн улсын онц чухал объектууд, тухайлбал, Улаанбаатар хотын усан хангамжийн эх үүсвэр, гүний худгууд, усан сангийн хамгаалалтад хоног тутам 1 ахлагчаар хамгаалалтыг зохион байгуулж байгаа нь объектын найдвартай хамгаалалт хангагдахгүйгээс гадна, харуулчны аюулгүй байдал алдагдаж, аюул осол үүсэх эрсдлийг дагуулж байна. Дотоодын цэргийг татан буулгахаас өмнөх хугацаанд хугацаат цэргийн алба хаагч нарыг хамгаалалтын ажиллагаанд татан оролцуулсанаар тэдгээрийг хүчийг объектуудад тараан байрлуулах, хамгаалалтыг сайжруулах боломжтой төдийгүй офицер, ахлагч нараар хамгаалуулахаас бага зардлаар шийдвэрлэж байсан байна хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулсан.
Тэрбээр, дотоодын үймээн самуун, эмх замбараагүй байдал болон бусад аюул ослыг шатлан өргөжихөөс сэргийлэх, таслан зогсоох, иргэн, төрийн байгууллага, тэдгээрийн өмч хөрөнгө, объектын аюулгүй байдлыг хангах ажиллагааг уг ажиллагааны арга тактик бүхий тусгай бэлтгэгдсэн, удирдлага зохион байгуулалтын хувьд аливаа нөхцөл байдал, аюул осолд шуурхай хариу өгч чадахуйц, байнгын бэлтгэл сургуультай мэргэшсэн бүрэлдэхүүнээр хохирол багатай гүйцэтгүүлэх нь төрийн болон иргэд, нийгмийн эрх ашиг, сонирхолд нийцэхүйц алхам болох юм.
Дотоодын цэргийг цомхон, мэргэшсэн бүтэц, бүрэлдэхүүнтэйгээр байгуулан түүний бие даасан байдлыг хангаж улсын онц чухал обьектыг хамгаалах, шаардлагатай үед нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, дотоодын бусад үймээн самууны үед иргэн, байгууллагын аюулгүй байдал, өмч хөрөнгийг хамгаалах, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааг гүйцэтгүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн осол, гал түймэр, хүн, малын гоц халдварт өвчин гарсан үед аврах болон хорио цээрийн дэглэмийг сахиулахад оролцох хэрэгцээ нь энэхүү хуулийн төслийг боловсруулах практик хэрэгцээ, шаардлагыг үүсгэж байна гэлээ.
Хууль зүйн байнгын хороо дээрх хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн байна.
Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг үдээс хойшхи хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.