УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо Дархан-Уул аймагт ажиллалаа
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг Засгийн газар өнгөрсөн сарын 28-нд УИХ-д өргөн барьсан. Хуулийн төслийг хэлэлцэх хүрээнд Дархан-Уул аймагт “Залуучуудын боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн асуудал” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг хийв. Уг хэлэлцүүлгийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол,соёл, шинжлэх ухааны байнгын хороо, НҮБ-ын Хүн амын сан, БСШУСЯ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулжээ.
Залуучуудын хөгжлийг дэмжих хуультай болсноор залуучуудыг хөгжүүлэх, тулгамдсан асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх, залуучуудыг зах зээлд хөрвөх чадвартай, эдийн засаг, нийгмийн шаардлагад нийцсэн боловсон хүчин болгон бэлтгэх, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлж, ажилгүйлдлийн төвшинг бууруулахад чухал ач холбогдолтой болох юм.
Хэлэлцүүлгийн үеэр Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат “Хууль төрөхийн өмнө манай аймагт залуучуудын хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаад талархаж байна. Бид 2014 онд Залуучуудын хөгжлийн төвөө байгуулсан. Мөн дутуу баригдаж царцаагдсан “Спорт цогцолбор”-ыг дуусгах, залуусын хөгжлийн төвийн барилга байгууламжийг төслийн шугамаар барьж байгуулах зорилт тавин ажиллаж байгаа. Цаашлаад оюунлаг, авьяаслаг залуучуудыг дэмжих зорилгоор олон хөтөлбөрийг аймгийн Засаг даргын Тамгын газар, ИТХ-аас хэрэгжүүлнэ. Дархан үйлдвэрлэлийн хот. Эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед ажилгүйдэл ихсэх хандлагатай байна. Иймээс томоохон үйлдвэрүүдээс гадна жижиг, дунд үйлдвэрийг дэмжин ажиллах талаар Засгийн газартай гэрээ байгуулсан. Тухайлбал, хүнсний ногоог үйлдвэрийн аргаар бэлтгэх, арьс ширний үйлдвэр барьж байгуулна. Эдгээр үйлдвэр, үйлчилгээг ажил хэрэг болгоход мэдээж боловсролтой залуус хэрэгтэй. Бид нэн түрүүнд хүний нөөцөө бэлтгэх шаардлага тулгарч байна” гэв.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хэлтсийн дарга Н.Батдорж “Манай улсын хүн амын 35.5 хувийг залуучууд эзэлдэг. Залуучуудын талаарх бодлого, хөтөлбөрүүд болон улс орны хөгжлийн томоохон зорилтууд өөр хоорондоо нягт уялдаагүйгээс эдийн засаг, улс төр, нийгмийн амьдралд оролцох залуучуудын оролцоо хязгаарлагдмал байна гэсэн шүүмжлэлийг иргэний нийгмийн байгууллага, залуучуудын зүгээс гаргадаг нь бодитой юм. Тиймээс залуучуудын хариуцлагыг дээшлүүлэх, эрх ашгаа хамгаалах, нийгэм, улс төр, эдийн засаг, соёл урлагийн салбарт оролцох оролцоог өргөжүүлэх зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна” гэв.
Харин залуучуудын амьдралын эрүүл бус хэв маяг, хорт зуршлын зохисгүй хэрэглээ, чанартай эрүүл хүнс хэрэглэх боломж дутмаг, хөдөлгөөний дутагдал, эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэл хомс байгаа нь эрүүл, үр бүтээлтэй амьдрах нөхцөлийг нь хязгаарлаж байгааг Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн А.Өнөржаргал тодотгосон юм. Хэлэлцүүлгийн үеэр “Оюутны хөгжлийн зээл”-ийн талаар БСШУСЯ-ны мэргэжилтнүүд мэдээлэл өгч, залуусын сонирхсон асуултад хариулсан. Түүнчлэн аймгийн Эрүүл мэндийн газрын эмч мэргэжилтнүүд эрүүл мэндийн асуудлаар залуустай санал бодлоо солилцлоо.