Эрхтэн шилжүүлэн суулгахад 15-85 сая төгрөг зарцуулдаг

2017 оны 1 сарын 18

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдөрийн хуралдаанаар Донорын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр шийдвэрлэлээ.

Төслийн үзэл баримтлалын талаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг танилцуулав.

Донорын тухай хуулийг шинэчлэн найруулах шалтгаан нь анагаах ухааны практикт эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын шинэ технологи нэвтэрсэн, сүүлийн жилүүдэд хүн амын өвчлөл нэмэгдэж, нас баралтын тэргүүлэх шалтгаанд хорт хавдар, гадны шалтгаант осол гэмтэл эзэлж, жилээс жилд төрөлт нэмэгдэж, төрөлтийн хүндрэл буурахгүй, олдмол болон төрөлхийн цусны өвчлөл нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд одоогийн мөрдөж буй хууль нь цаг үеийн шаардлагыг бүрэн хангахгүй байгаатай холбоотой гэж Эрүүл мэндийн сайд хэллээ.

Эрхтэн шилжүүлэн суулгах оношилгоо, эмчилгээний нийт зардал 16-85 сая төгрөг


Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээ эрчимтэй хөгжиж 2006 онд анхны бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийснээс хойш өнөөдрийг хүртэл 128 иргэнд бөөр (108 иргэнд амьд донороос, 10 иргэнд амьгүй донороос бөөр шилжүүлэн суулгасан), 28 иргэнд элэг (27 иргэнд амьд донороос, 1 иргэнд амьгүй донороос элэг шилжүүлэн суулгасан), 2 иргэнд ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээг амжилттай хийсэн байна. Эрхтэн шилжүүлэн суулгах оношилгоо, эмчилгээний нийт зардалд ойролцоогоор 16-85 сая төгрөг шаардагдаж буй аж.

Сүүлийн 3 жилд 300 гаруй хүн элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхээр гадаад улс руу явсан байх бөгөөд зөвхөн эмчилгээний зардалд 50.000-250.000 ам. доллар, бөөр шилжүүлэн суулгах мэс засал эмчилгээний зардалд 50.000-110.000 ам. доллар зарцуулж байгаа нь эмчлүүлэгч болон тэдний ар гэрт асар их эд материал, санхүүгийн болон сэтгэл санааны дарамт, чирэгдэл учирч их хэмжээний мөнгө гадагшаа урсан гарч байна гэдгийг Эрүүл мэндийн сайд цохон хэллээ.

Дэлхий дээр дунджаар нийт хосын 12 хувь нь үргүйдэлтэй байдаг. Үргүйдлийн тархалт жил ирэх тусам ихсэж байгаа, ялангуяа хөгжиж байгаа орнуудад осол, гэмтэл, бэлгийн замаар дамжих халдварын шалтгаант үргүйдэл давамгайлах хандлага ажиглагдаж байна. Төмсөг, өндгөвчний төрөлхийн болон олдмол дутмагшил, удамшлын зарим хам шинж, төрөлхийн гаж хөгжил, хавдрын эмчилгээ зэргийн үед үйлчлүүлэгчийг үргүйдлийн эмчилгээнд хамруулахад зөвхөн донор бэлгийн эс шаардлагатай байдаг ба мэс заслын улмаас умай тайруулсан, авахуулсан, умайн төрөлхийн гаж хөгжилтэй эмэгтэйчүүд зөвхөн тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болох боломжтой байдаг байна.

Донорын банк болон цусны үүдэл эсийн банк байгуулна


Донорын тухай хуулиар гамшиг, онцгой байдлын үөийн цусны нөөцийг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж байгаа боловч цус, цусан бүтээгдэхүүн, тэдгээрийг рлох бэлдмэлийн нөөцийн нөхөн хангалт, нөөцийн хяналтын зохицуулалт, цусны донор элсүүлэх, алдаршуулах, урамшуулахтай холбоотой зохицуулалт тусгагдаагүй байна.

Иймд дээрх нөхцөл, шаардлагыг үндэслэн иргэдэд учирч байгаа санхүүгийн дарамтыг багасгах, донорын үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох, донороос өвчтөнд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах, хүйн цусны донорын банк болон цусны үүдэл эсийн банк байгуулах, цус, цусан бүтээгдэхүүн, тэдгээрийг орлох бэлдмэлийн нөөцийн нөхөн хангалт, нөөцийн хяналтын зохицуулалт, цусны донор элсүүлэх, алдаршуулах, урамшуулахтай холбоотой зохицуулалтыг нарийвчлан зохицуулахаар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.

Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Ё.Баатарбилэг, О.Баасанхүү нар асуулт асууж хариулт авсан. Гишүүд хууль батлагдсанаар ямар дэвшил гарах талаар тодруулж байлаа.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, хууль батлагдсанаар хүний эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний үр дүнд олон хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалан амьдрал бэлэглэж, тэдгээрийн амьдралын чанар нь эрс сайжирч эрүүл хүнтэй адил ажиллаж хөдөлмөрлөх нөхцөл бүрдэнэ гэлээ. Мөн донор болох зөвшөөрлийг нас барахын өмнө өөрөөс нь, нас барсны дараа гэр бүлийн гишүүн, төрсөн эцэг, эх, харгалзан дэмжигчээс нь тус тус авах, донорын эгнээг өргөжүүлэх, донорын зар сурталчилгаа болон зуучлалыг хориглож, хүний эрхтээний наймаанаас сэргийлэх нөхцөл бүрдэнэ гэв.

Донорын эс, эд, эрхтэн бүртгэх, хуваарилах, мэдээллийн нэгдсэн сан үүсэх, шударга хуваарилах боломж бүрдэх аж. Түүнчлэн үүдэл эсийн үндэсний банк байгуулагдсанаар цусны хавдар төдийгүй цус төлжилгүйдлийн цус багадалт, чихрийн шижин хэв шинж 1, аутизм, зүрхний өвчин, сөөрөг дархлааны (аутоиммунный) бүх өвчин, удамшлын болон бодисын солилцооны эмгэг зэрэг 280 гаруй өвчнийг эмчлэх боломжтой болох юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40067
0 эможи
keyboard_arrow_up