Хаалттай хуралдаанаар юу хэлэлцэх вэ
М.Энхболдын ангийнхны 40 гаруй нь шинэ гишүүд. Товчхондоо, урлаг соёл, утга зохиол, сэтгүүлзүй, бизнесийн салбараас төр түшилцэх их үйлсэд нэгдэж, аяны дөрөө харшуулж буй хүмүүс. Цоо шинэхэн диплом өвөртөлсөн залуус гэдэг шиг гишүүний тангаргаа өргөөд хэдхэн сар болж буй шинэ гишүүдэд энэ удаагийн намрын чуулган “танилцах дадлага” байсан гэхэд болно. Тиймдээ ч зарим нь УИХ-ын чуулган, Байнгын хороодын хуралдаанд үг хэлэхгүй, таг дуугүй сууж харагддаг. Бизнесийн салбар болоод төрд ажиллаж байгаад орж ирсэн зарим нь чуулганы хуралдаанд санал бодлоо хэлдэг ч аанай л цаас шагайж, буруу зөрүү ярьчих вий гэх болгоомжилж буй нь илт байх жишээтэй. Гэхдээ тэднийг буруутгах аргагүй. Учир нь, улиран сонгогдсон гишүүд харьцангуй туршлагатай, илүү мэдээлэлтэй учраас чуулганаар орж ирж буй хууль, тогтоолын төсөл, томилгоонууд ямар дарааллаар явагддаг гэхчлэн аливаа асуудлын талаар багцаатай байдаг. Ялангуяа улс орны өр зээл, эдийн засагтай холбоотой асуудалд хангалттай мэдээлэлтэй учир хэвлэлээр тэр бүр өөрийн бодлоо яриад байдаггүй.
М.Энхболдын ангийнхны 40 гаруй нь шинэ гишүүд. Товчхондоо, урлаг соёл, утга зохиол, сэтгүүлзүй, бизнесийн салбараас төр түшилцэх их үйлсэд нэгдэж, аяны дөрөө харшуулж буй хүмүүс. Цоо шинэхэн диплом өвөртөлсөн залуус гэдэг шиг гишүүний тангаргаа өргөөд хэдхэн сар болж буй шинэ гишүүдэд энэ удаагийн намрын чуулган “танилцах дадлага” байсан гэхэд болно.
Харин шинэ гишүүдэд энэ талаарх мэдээлэл хомс. Энэ удаагийн шинээр бүрэлдсэн парламент хамгийн анхны намрын ээлжит чуулганаа хэдхэн хоногийн дараа өндөрлүүлэх гэж байна. Үүнээс өмнө УИХ хаалттай хуралдаж, гишүүдэд улс орны эдийн засгийн өнөөгийн байдлын талаар нэгдсэн мэдээлэл өгөх ёстой гэж зарим гишүүн үзжээ. Энэ нь нэг талаар шинэ гишүүдэд мэдээлэл өгөхөөс гадна бид одоо ямар байдалтай байна вэ гэдгээ 76 дотроо мэдэж авъя гэсэн санаа аж. Манай улсад эдийн засгийн хямрал нүүрлэлээ, дефолт зарлах хэмжээнд хүрсэн гэх мэдээлэл явж буй ч яг үнэндээ Монгол Улс үнэхээр ийм байдалд хүрсэн үү гэдэгт хариулт өгсөн бүрэн мэдээлэл 76 гишүүнд бүгдэд нь байхгүй.
Хэрэв УИХ-ын чуулганы хуралдааныг хаалттай горимоор хуралдуулж нөхцөл байдлаа ярьчихвал тэндээс ямар нэг гарц гарна гэж харах гишүүд ч байна. Учир нь, цөөн хүний түвшинд бус олуулаа санаа бодлоо уралдуулбал цаашид хэрхэх, ямар нөөц бололцоо байна вэ гэдэгт шийдэл олох боломжтой гэх. УИХ-ын чуулганы хуралдааныг хаалттай хийх саналыг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Монгол Улсын Ерөнхийлөгчид гаргажээ. Тэрээр “Эдийн засгийн хямралын үндсэн шалтгаан болох улс төрийн хямрал, өнөөгийн засаглалын тогтолцооныхоо зарим гажуудлаа хурдан арилгах хэрэгтэй байна. Саяхан УИХ-ын дарга ОХУ-д ажлын айлчлал хийхэд Оросын талын зарим хариуцлагатай албан тушаалтны хэлсэн зүйл үнэний хувьтай л даа. Бодлого нь тогтвортой бус, бүх шатандаа ажил хэрэгч бус, хэлсэн ярьсан, тохирсон зүйл нь байнга өөрчлөгдөж, хувьсаж байдаг гэсэн байна лээ. Дотоодын тулгамдсан асуудлуудаа тодорхой болгож, эрэмбэ дараалалд оруулмаар байна. Хамгийн түрүүнд бид гадаад бодлогодоо ямар байр суурь баримтлахаа тодорхой болгоё. УИХ-ын гишүүд төрийн гурван өндөрлөгийнхөө гадаадад очоод юу гэж ярьж явааг тодорхой мэдэхгүй байгаа. Ямар улс бидэнд тусалж дэмжье гэсэн, аль нь татгалзаж байна вэ гэхчлэн асуудлуудыг ний нуугүй ярилцах зорилгоор ийм санал тавьсан” гэжээ.
Өөрөөр хэлбэл, Засгийн газар хууль тогтоох засаглалынхнаас улс орны асуудлыг нуухгүйгээр ил тод тайлагнаж, Тавантолгой, төмөр зам, цахилгаан станц зэрэг том төслүүдээ иж бүрнээр нь зураглаж зөв гарц олоход анхаарах ёстой гэж нэр бүхий гишүүд үзсэн байна. Мөн одоогийн явж байгаа засаглалын тогтолцоогоор цааш явах уу, эсвэл өөрчлөх үү гэдгээ ч ярилцах хэрэгтэй гэж үзжээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудалд ч байр сууриа нэгтгэсэн нь дээр гэх саналтай гишүүд ч байна. Энэ асуудлуудад байр сууриа нэгтгэхэд танай, манай нам гэхгүйгээр нэг цул болж, бодлогоо зангидах хэрэгтэй гэх шүүмжлэл ч хуучин гишүүдийн дундаас гарч эхэлжээ.
УИХ-ын намрын ээлжит чуулган завсарлахад 10 гаруйхан хоног үлдээд буй. Хэрэв намрын чуулганы хугацаанд амжиж энэ хурлаа хийхгүйгээр завсарлавал хоног хугацаа алдах учир нэгдүгээр сардаа багтааж хаалттай хуралдаан хийх саналыг зарим гишүүн спикерт уламжилсан аж. Гэхдээ УИХ хаалттай хуралдсан тохиолдолд спикерийн захирамж гарахгүй юм байна. Зөвхөн ээлжит бус чуулган болон хүндэтгэлийн хуралдааныг хийхэд УИХ-ын дарга захирамж гаргадаг аж.
Улс орны аюулгүй байдал, цэрэгтэй холбоотой зэрэг нууцын зэрэглэлд багтах асуудлаар бол УИХ хаалттай хуралдаж байсан. Байнгын хороо ч мөн адил. Үүнийг тоочвол зуу давах учир нийгмийн эмх замбараагүй байдал үүссэн, улс орны аюулгүй байдлын баталгаа болох эдийн засагтай холбоотой асуудалд чуулган хаалттай горимоор хуралдаж байсан жишээг дурдаж буй юм. Өмнө нь 2008 онд УИХ-ын нэр бүхий гишүүд чуулганы хуралдааныг хаалттай горимоор явуулах санал гаргаснаар хаалттай хуралдаж байжээ. Тодруулбал, хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Ц.Нямдорж, Ц.Мөнх-Оргил нар горимын санал хэлж, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хаалттай хуралдаанаар хэлэлцэх саналыг гишүүд дэмжиж, хуралдаж байжээ.
Түүнчлэн УИХ-ын 2014 оны арванхоёрдугаар сарын 26-ны үдээс хойших нэгдсэн хуралдаан хаалттай горимоор болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байсан юм. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд М.Энхсайхан, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар гишүүдэд мэдээлэл өгч байсан билээ.
Харин энэ удаагийн шинэ бүрэлдсэн парламентын гишүүдэд мөн л дээр дурдсан мэдээллийг Засгийн газар өгнө гэх мэдээлэл байна. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийг мэдээлэл хийхийг зарим гишүүн хүсч буй ажээ.