УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Азийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Азийн сангийн суурин төлөөлөгч Мелони К.Линдбергийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад тус сангаас хэрэгжүүлж буй “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв” төслийн менежер Б.Энхжин болон төсөлд хамрагдсан эмэгтэйчүүдийн төлөөлөл байлцлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг урилгын дагуу хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлсэн. Тэрбээр, сонгогдсон тойрогтоо ажиллаж байхад бизнес эрхэлдэг эмэгтэйчүүд бүтээгдэхүүнээ борлуулах зах зээлтэй холбогдох боломж, гарцын талаар байнга асуудаг. Тэд бүтээгдэхүүнээ маш сайн хийдэг ч зах зээлд гаргаж, борлуулахад дэмжлэг хэрэгтэй байна гэдэг. Үүнд Азийн сангийн хэрэгжүүлж буй “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв” төслөөс туслалцаа, дэмжлэг үзүүлэх боломжтой юу гэдгийг асуулаа.
Азийн сангийн суурин төлөөлөгч Мелони К.Линдберг сангийн үйл ажиллагааны талаар болон эмэгтэйчүүдийг чадавхижуулах чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгсөн. “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв” төсөл нь 2016 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд бизнес төлөвлөгөө, бизнесийн бүртгэл, бизнесийн зөвлөгөөтэй холбоотой үйлчилгээ, мөн маркетингийн ур чадвар, харилцаа холбооны тухай сургалтууд, санхүүжилт хэрхэн олж авах тухай мэдлэг, мэдээлэл олгодог байна. Түүнчлэн шинээр бизнес эхэлж байгаа болон үйл ажиллагаа явуулж буй чадварлаг, шинэлэг санаа бүхий бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд бизнесээ богино хугацаанд хурдан бойжуулах бизнес инкубаторын үйлчилгээ үзүүлдэг байна.
Төсөлд одоогийн байдлаар 829 хүн хамрагдсан бөгөөд 2018 он хүртэл үргэлжлэх уг төсөлд хамрагдах хүсэлтэй эмэгтэйчүүдэд нээлттэй гэдгийг суурин төлөөлөгч хэллээ. Төслийн шаардлага бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн тусгай хэрэгцээнд суурилсан байх учир илүү олон эмэгтэйчүүдийг хамруулахад УИХ-ын эмэгтэй гишүүд дэмжиж ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, улс орны төсөв, санхүү хүнд байгаа энэ цаг үед бизнес эрхэлдэг эмэгтэйчүүд орлогын эх үүсвэртэй байх нь чухал юм. Үүнд Азийн сан бусад олон улсын байгууллагуудтай хамтран Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хувь нэмэр маш чухал хэмээн хэллээ. Сайн жишээ нь Азийн сан, БНСУ-ын “Койка” олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв” төсөл юм гэдгийг онцлон дурьдаад, төслийн үр дүнд сэтгэл өндөр байгаагаа хэлж, цаашид үр дүнтэй хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.