Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шилдгүүдэд шагнал гардуулав

2017 оны 1 сарын 16

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Улсын Их Хурлаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээнийг Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбоо хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулж, тэмцээний шилдгүүдийг шалгаруулсан юм.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд Үндсэн хуулийн 25 жилийн ойн өдөрт зориулан  Монгол бөхийн өргөөнд болсон үндэсний бөхийн барилдааны хоёрын давааны дараа Улсын Их Хурлаас уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээнд түрүүлсэн шатарчдад өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал гардуулж баяр хүргэлээ.

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээнд эрэгтэйчүүдээс нийслэлийн Баянгол дүүргийн шатарч Э.Энх-Амгалан 8 оноогоор түрүүлж, Баянзүрх дүүргээс оролцсон М.Алтангэрэл 7 оноогоор, Чингэлтэй дүүргийн оролцогч Б.Насанжаргал 6.5 оноогоор хоёр, гуравдугаар байр эзэлж, Хөвсгөл аймгаас оролцсон Д.Хашхүү, нийслэлийн Сүхбаатар дүүргийн оролцогч Б.Бат-Эрдэнэ нар шагналт байрт шалгарсан юм.

Харин эмэгтэйчүүдээс нийслэлийн Баянгол дүүргийн оролцогч Г.Отгонтуяа 7 оноогоор тэмцээнийг тэргүүлсэн бол Сүхбаатар дүүргийн оролцогч Л.Мөнхзаяа, Сонгинохайрхан дүүргээс оролцсон М.Жаргалсайхан нар тус бүр 6 оноогоор гуравдугаар байрт шалгарсан байна.

Мөн энэ үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн нар уг тэмцээний “Оюунлаг түшээ”-гээр тодорсон УИХ-ын гишүүн Г.Занданшатар, шилдэг ахмад эрэгтэй тоглогчоор шалгарсан Ардын Их Хурлын депутат 77 настай Д.Найдан нарт өргөмжлөл гардуулж баяр хүргэлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39980
0 эможи
keyboard_arrow_up