Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг хэлэлцэж баталлаа
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан 10 цаг 16 минутаас 51.3 хувийн ирцтэй эхэлж, чуулганы Пүрэв, Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх асуудлуудыг тогтов.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрх нь хуулиар Улсын Их Хуралд суудалтай намын эрх хэмжээнд хамаардаг хэдий ч суудалгүй намуудтай ярилцаж зөвлөлдөх шаардлагын үүднээс Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг завсарлага авах хүсэлт гаргаж байгааг илэрхийлсний дагуу хуралдаан даргалагч тус намын бүлэгт ажлын 1 өдрийн завсарлага өгсөн юм.
Ө.Энхтөрийг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилов
Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилж, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг чөлөөлөх, нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн талаархи санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан танилцуулсан юм.
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Д.Дэлгэрцогт нь гадаадад дипломат албанд ажиллахаар томилогдсон тул Улсын Их Хурлын даргад хандаж Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг тус Байнгын хорооны гишүүд санал нэгтэй дэмжсэн. Мөн үүнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа Ө.Энхтөрийг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж дэмжсэн байна.
Нэр дэвшигч Ө.Энхтөр нь 1988 онд Цагдаагийн дээд сургууль, 2001 онд Цагдаагийн академийг тус тус төгссөн, хуульч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. Завхан аймгийн Нийгмийг аюулаас хамгаалах хэлтэст хэсгийн төлөөлөгчөөр ажлын гараагаа эхэлж, мөн аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, мөрдөн байцаах тасгийн дарга, 1999 оноос Мөрдөн байцаах газрын чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, хэлтсийн дарга, 2007 оноос нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, 2008 оноос Мөрдөн байцаах газрын дарга, 2012 оноос нийслэлийн Цагдаагийн газрын дарга, 2013 оноос Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар тус тус ажиллаж байжээ. Харин 2016 оны 12 дугаар сараас Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа юм.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү асуулт асууж тодруулсны дараа Байнгын хорооны саналаар Д.Дэлгэрцогтыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөхийг дэмжих санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 85.5 хувь нь, Ө.Энхтөрийг Сонгуулийн сонгуулийн хорооны гишүүнээр томилох саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон 56 гишүүний 47 нь буюу 83.9 хувь нь дэмжсэнээр энэ талаархи Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлагдсанд тооцож, тогтоолын төслийн эцсийн найруулгыг сонслоо.
Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Хүрэлбаатарыг томиллоо
Дараа нь Монгол Улсын Ерөнхий аудиторт нэр дэвшигчийн тухай асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын дарга М.Энхболд нэр дэвшигчийн талаар танилцуулга хийлээ. Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Энэ үндсэн дээр Төрийн аудитын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Монгол Улсын Ерөнхий аудитороор Доржсүрэнхорлоогийн Хүрэлбаатарыг томилуулахаар нэр дэвшүүлж байгаагаа Улсын Их Хурлын дарга дурдаад нэр дэвшигчийн товч намтрыг гишүүдэд танилцуулсан юм.
Нэр дэвшигч Д.Хүрэлбаатар нь 1961 онд Архангай аймагт төрсөн, 1986 онд Уралын Политехникийн дээд сургууль, 1993 онд Удирдлагын академи, 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн, барилгын инженер-эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй, Удирдлагын арга зүй, зохион байгуулалтын магистр зэрэгтэй. 1986-1992 онд Төв аймгийн Усны аж ахуйн удирдах газарт эдийн засагч, дарга, 1992 онд мөн аймгийн Засаг даргын Тамгын газарт хэлтсийн дарга, 1993-1994 онд Ажлын хувцасны үйлдвэр, “Эрдэнэ” улсын үйлдвэрийн газрын дарга, захирлаар, 2007 оноос Үйлдвэр, худалдааны яам, 2008 оноос Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2012 оноос “Монгол 555” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Эрчим хүчний сайдын орон тооны бус зөвлөхөөр тус тус ажиллаж байжээ.
Харин 2016 оноос Барилга, хот байгуулалтын сайдын болон Эрчим хүчний сайдын орон тооны бус зөвлөх, Эрчим хүчний зохицуулах хорооны орон тооны бус зохицуулагч, улмаар Монгол Улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаа аж.
Харин Монгол Улсын Ерөнхий аудиторт нэр дэвшигчийг томилох асуудлыг хэлэлцсэн талаархи Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм.
Тус байнгын хороо энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Ерөнхий аудиторыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, Монгол Улсын Ерөнхий аудиторт нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар нэр дэвшигчийг дэмжсэн байна.
Нэр дэвшигчийн талаархи танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Л.Оюун-Эрдэнэ, О.Баасанхүү, Д.Тэрбишдагва, Л.Энх-Амгалан, Н.Оюунчимэг, Я.Санжмятав, Н.Цэрэнбат, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж тодруулан үг хэлсэн юм. Үг хэлсэн гишүүд нэр дэвшигч Д.Хүрэлбаатар нь төрийн ажлын туршлагатай, мэргэшсэн нягтлан бодогчийн хувьд идэвхи санаачилгатай, шударга, зарчимчаар ажиллана гэдэгт итгэж дэмжиж буйгаа илэрхийлээд өнгөрсөн 4 жилд төсвийн сахилга бат алдагдсан, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсантай холбоотойгоор гарсан аудитын дүгнэлтүүдийг олон нийтэд нээлттэй гаргаж тавихын зэрэгцээ хөрөнгө мөнгө завшсан, үргүй зарцуулсан, норм нормативыг зөрчсөн үйлдлүүдэд тухай бүрт нь хариуцлага тооцдог байх, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн төсөв санхүүгийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, төрийн аудитын байгууллага нь зөвхөн зөвлөмж гаргаад орхих биш гаргасан дүгнэлтийнхээ мөрөөр ажиллаж, илэрсэн алдаа дутагдлыг засуулж дахин гаргуулахгүй байх үүднээс гүйцэтгэлийн аудитад онцгой анхаарах, төрийн байгууллагуудын дотоод аудитыг сайжруулахад анхаарч мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлдэг байхад анхаарахыг нэр дэвшигчид хандан захиж, зоримог шийдэмгий, зарчимч, хараат бусаар ажиллахыг сануулж байв.
Ингээд санал хураалт явуулан А.Зангадыг хүсэлтийн нь дагуу Монгол Улсын Ерөнхий аудиторын үүрэгт ажлаас чөлөөлж, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 89.1 хувийн саналаар Д.Хүрэлбаатарыг Монгол Улсын Ерөнхий аудитороор томиллоо.
Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвшигчдийг дэмжив
Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг чөлөөлж, томилох тухай асуудлыг хэлэлцэж, энэ талаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва танилцуулсан юм. Төв банкны тухай хуульд Монголбанкны Хяналтын зөвлөл нь дарга, зургаан гишүүнээс бүрдэх бөгөөд тэднийг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны санал болгосноор Улсын Их Хурлаас зургаан жилийн хугацаатай томилж, чөлөөлөхөөр заажээ.
Тус Байнгын хорооны энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд бүрэн эрхийн хугацаа нь дуусгавартай болсон тул Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, үүнтэй холбогдуулан Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдэд нэр дэвшигчдийг дэмжсэн байна.
Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргад нэр дэвшсэн Д.Даваасамбуу нь 1969-1972 онд Санхүү, эдийн засгийн техникум, 1974-1979 онд ОХУ-ын Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын харилцааны эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1972-1990 онд Сангийн яаманд зааварлагч, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын дарга, 1990-1995 онд Сангийн яамны орлогч сайд, сайд, 1995-1999 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд Худалдаа, эдийн засгийн зөвлөх, 1999-2001 онд Гадаад харилцааны яаманд зөвлөх, 2001-2008 онд Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн вант улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2009-2012 онд Улсын Их Хурлын даргын зөвлөх, 2012 оноос МУИС-ийн Олон улсын харилцаа, нийгмийн удирдлагын сургуульд ахлах багшаар ажиллаж иржээ.
Харин Хяналтын зөвлөлийн гишүүдэд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Удирдах зөвлөлийн дарга, ерөнхийлөгч Б.Лхагважав, “Их Амар” группын ерөнхийлөгч, бизнесийн удирдлагын магистр М.Энх-Амгалан, Удирдлагын академийн тэнхмийн эрхлэгч, эдийн засгийн ухааны доктор Л.Ариунаа, Өмгөөллийн “Эрхэм хуульч” нөхөрлөлийн гүйцэтгэх захирал, хуульч Б.Цэрэнбалтав, Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгийн тэргүүн, эдийн засгийн ухааны доктор, профессор Л.Дондог, Монголын мэргэшсэн нягтлан бодох бүртгэлийн институтийн гүйцэтгэх захирал, бизнесийн удирдлагын магистр, докторант Ч.Чимидсүрэн нарыг нэр дэвшүүлсэн байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ц.Даваасүрэн, О.Баасанхүү, Б.Жавхлан, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, Б.Баттөмөр нар Байнгын хорооны дарга болон нэр дэвшигчдээс асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Үг хэлсэн гишүүд хуулиар Хяналтын зөвлөл нь Монголбанкны Ерөнхийлөгчид зөвлөх эрхтэй, идэвхтэй ажиллаж чадвал тодорхой эрх, үүрэгтэй, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг бүтэц учраас хуулийн хүрээнд санаачлагатай ажиллах, арилжааны банкууд нь аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг, хувийн компани байгуулж банкны мөнгийг хувийн бизнестээ ашигладаг, зувчуулдаг явдлыг таслан зогсоох, банкны зээлийн хүүг бууруулахад санаа тавьж энэ чиглэлээр Төв банкны удирдлагуудтай хамтарч ажиллах, шийдэмгий, иргэний зориг гарган ажиллаж олон нийтийн хяналтын зөвлөл яаж ажилладгийг олон түмэнд харуулахыг нэр дэвшигчдэд зөвлөж, захилаа.
Ингээд санал хураалт явуулан Байнгын хорооны саналаар Ж.Ядамсүрэнг Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргын, Ж.Үнэнбат, Х.Ганбаатар, Я.Эрхэмбаяр, Д.Моломжамц, Ч.Энхбаатар, Д.Нямаа нарыг Хяналтын зөвлөлийн гишүүнээс тус тус чөлөөлөв. Мөн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 90.4 хувь нь Д.Даваасамбууг Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргаар томилохыг дэмжив. Харин Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад нэр дэвшигч Б.Цэрэнбалтав, Ч.Чимидсүрэн, М.Энх-Амгалан, Л.Дондог, Б.Лхагважав, Л.Ариунаа нарыг Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүнээр томмлохыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 90.4-51.9 хувь нь дэмжсэн юм.
Хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлагдав
Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь танилцуулав. Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.
Байнгын хороо тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг төсөлд нэгтгэн тусгасны зэрэгцээ хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу төслийн зарим заалтыг гүйцээн боловсруулжээ.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, О.Баасанхүү нар асуулт асууж тодруулсны дараа тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 11 саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Тухайлбал, тогтоолын төслийн үндэслэх хэсгийн “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэс хэсгийг үндэслэн” гэснийг “Хууль тогтоомжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.4 дэх хэсгийг үндэслэн” гэж өөрчлөх, төслийн 2 дахь заалтыг “Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүнээс санаачлах хууль тогтоомжийн төсөлд энэ тогтоол хамаарахгүй бөгөөд Үндсэн чиглэлд тусгагдаагүй боловч нэн шаардлагатай гэж үзсэн хууль тогтоомжийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлж байхыг Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т үүрэг болгосугай” гэж өөрчлөн найруулахаар тогтов. Мөн төслийн хавсралтын Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн төслүүдийг санаачлагч “Н.Энхболд, Д.Хаянхярваа” гэснийг “Хууль санаачлагч” гэж өөрчлөх, түүнчлэн одоогоор Улсын Их Хуралд өргөн баригдаад байгаа хуулийн төслүүдийг тогтоолын төслийн хавсралтаас хасахаар болов. Ингээд “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг бүхэлд батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжсэн юм.
Дэгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Нийтийн сонсгол зохион
байгуулах тухай журам баталлаа
Чуулганы нэгдсэн хураллдаанаарУлсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 4 гишүүнээс өнгөрсөн 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийнхэлэлцүүлгийг хийлээ. Хууль тогтоомжийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талааархи Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат хийсэн юм.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Төрийн байгуулалтын байнгын дээрх хороо хууль тогтоомжийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасны дагуу санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.4 хувь нь дэмжив. Горимын санал дэмжигдсэн учраас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг гишүүдийн 83.7 хувь нь, “Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг гишүүдийн 79.1 хувь нь дэмжсэнээр хууль тогтоомжийн төслүүд батлагдлаа.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхэлж, энэ талаархи Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулсан юм.
Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа.
Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаархи Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэх юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.