Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайд К.Кобландинийг хүлээн авч уулзлаа

2017 оны 1 сарын 12

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Калыбек Ибрагимович Кобландинийг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд Монгол, Казахстаны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн босгон дээр уулзаж байгаагаа онцлоод, “Өнгөрсөн хугацааны хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, ирээдүйн чиг, төлөвийг тодорхойлох сайхан боломж бол энэ ой юм” гэлээ.

Тэрбээр хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж буйг тэмдэглэж, улс төр, эдийн засаг, худалдаа гэх мэт бүхий л салбарын хамтын ажиллагаанд эрх зүйн орчин саадгүй байх нь нэн чухал. Тиймээс хоёр орны парламентын бүлгүүд илүү ойр дөт, шууд хамтын ажиллагаатай байх нь зөв гэдгийг онцоллоо. Түүнчлэн Засгийн газар хоорондын комисс нягт хамтран ажиллаж, тулгамдсан асуудлаа шуурхай, ажил хэрэгч шийддэг байх ёстой гэж нэмж хэллээ.

УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн оны 10-р сард Улаанбаатар хотноо Монгол, Казахстаны “Бизнес форум” амжилттай болсныг дурдаад худалдаа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагаанд ийм хэлбэрийн шууд харилцаа чухал тул цаашид уламжлал болгон зохион байгуулах нь зөв гэсэн байр сууриа илэрхийллээ.

Ноён Элчин сайд К.Кобландин УИХ-ын даргад хүсэлтийг нь хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, 25 жилийн ой нь тохиож буй хоёр орны хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэхийн төлөө хичээн ажиллах болно гэлээ.

Тэрбээр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяртай уулзаж, парламент хоорондын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон, Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг энэ оны 1-р улиралд багтаан хийхээр товлосон, “Бизнес форум”-ыг уламжлал болгож, дараагийнхыг Казахстанд хийхээр төлөвлөж байгаа талаараа энэ үеэр мэдээлэв.

Ноён Элчин сайд К.Кобландин Астана-Улаанбаатарын хооронд шууд нислэг хийх, Баян-Өлгий аймагт Консулын газар нээх, Улаанбаатарт баригдах Казахстаны Элчин сайдын яамны шинэ барилгын газрын асуудлаарх маргааныг шийдвэрлэх, Казахстан Улсад 2017 онд болох олон улсын “ЭКСПО-2017” арга хэмжээнд Монгол Улс оролцоогоо баталгаажуулах асуудалд анхаарлаа хандуулж, биечлэн дэмжлэг үзүүлэхийг УИХ-ын дарга М.Энхболдоос хүслээ.

УИХ-ын дарга М.Энхболд шууд нислэгийн зөвшөөрөл олгоход шаардлагатай техникийн асуудлаар хоёр талын мэргэжлийн байгууллагууд харилцан тохиролцвол дэмжихэд бэлэн гэдгээ илэрхийлэв. Баян-Өлгийд Консулын газар нээх асуудлаар хоёр улсын Гадаад харилцааны яамд холбогдох шугамаараа, гэрээ хэлэлцээрийн хүрээнд шийдэх болно. “ЭКСПО-2017”-д Монголын тал МҮХАҮТ-аараа дамжуулан оролцох болов уу. Элчин сайдын яамны газрын асуудлыг манай холбогдох яам, байгууллагууд шийдсэн гэж ойлгосон. Нийслэлийн өмнөх удирдлагууд тухайн газрыг давхардуулан олгосноос маргаан үүссэн юм билээ. Та бүхэн зөвшөөрөл авсан газартаа Элчин сайдын яамныхаа барилгыг барих боломжтой гэлээ.

Элчин сайд К.Кобландин уулзалтын үеэр Казахстаны эрх баригч “Нур Отан” нам, Монгол Ардын Нам хоорондын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурахад Казахстаны тал бэлэн байгааг мэдэгдлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39880
0 эможи
keyboard_arrow_up