Албадан эрүүлжүүлэх байрны үйл ажиллагааг шилжүүлэх эсэхийг шийдвэрлэнэ
“Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хурлаар оруулж, УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.
Энэхүү хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсанаар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх үйл ажиллагаа эмнэлгийн байгууллагаас цагдаагийн байгууллагад шилжиж, нийгмийн хэв журмыг сахиулах хуулийн зорилт бодит утгаар хэрэгжин, эрүүл мэндийн байгууллагын зохиомол ачаалал буурч, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжид эергээр нөлөөлөх юм.
“Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль” 2003 оны 11 дүгээр сарын 7-нд батлагдаж 2013 оны 7-р сарын 5-ны өдөр нэмэлт өөрчлөлт орж, УИХ-аар батлагдан 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс даган мөрдөгдөж байна.
Энэхүү одоо мөрдөгдөж буй хуулийн дагуу архи хэтрүүлэн хэрэглэж өөрийн үйлдлийг хянах чадваргүй болсон этгээдийг цагдаагийн алба хаагч эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч байгаа нь согтуу этгээдүүд иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах нийтлэг эрх ашгийг хөндөж байгаа юм.