УИХ-ын дарга М.Энхболд аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай Төрийн ордонд уулзаж, парламентын үйл ажиллагаа, ирэх дөрвөн жилд баримтлах бодлого зорилт, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, үүрэг чиглэл өглөө.
Тэрбээр ИТХ-ын дарга, Засаг дарга нарт шинэ оны болон Үндсэн хуулийн 25 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлж, ажилд нь амжилт хүсээд, дараах асуудлуудад анхаарлаа хандуулж ажиллахыг хүсэв.
1.Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, эсэх асуудал хууль тогтоох байгууллага болон олон нийтийн анхаарлын төвд байгаа. Юуны өмнө өөрчлөлт оруулах шаардлага байна уу, үгүй юү гэдгээ тодорхойлох ёстой. Энэ чиглэлээр УИХ, Засгийн газарт Ажлын хэсгүүд байгуулагдаад ажиллаж байгаа. Та бүхэн орон нутгийнхаа иргэдийн санал бодлыг авч, УИХ-д ирүүлэээрэй.
2. Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох асуудлыг УИХ-аар хэлэлцэж байгаа. Та бүхний санал бас тусах ёстой. Төв, орон нутгийн эрх мэдлийн хуваарилалт, орон нутгийн онцлогийг харгалзах, хууль хэрэгжих нөхцөл байдал гээд олон асуудал байгаа байх гэж бодож байна.
3. УИХ зөвхөн хууль баталдаг биш, хуулийн хэрэгжилтийг хянадаг байгууллага байх ёстой гэж энэ УИХ үзэж байгаа. Тиймээс Аудитийн тухай, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаад байна. Хууль хэрхэн хэрэгжиж байгааг хамгийн ойроос мэдэрч байгаа хүмүүс та нар. Тиймээс энэ чиглэлээр УИХ-тай хамтарч ажиллаарай.
4. “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хууль”, “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг УИХ батлан гаргасан. Үүнтэй уялдуулж аймаг, орон нутгийн хөгжлийн бодлогоо арай өөрөөр, өргөн цар хүрээнд авч үзэх шаардлагатай байна.
5. “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг УИХ-аар баталсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил зөвхөн Засгийн газрын үүрэг биш, та бүхнээс их зүйл хамаарна. Аймгийнхаа эдийн засгийг өөд татах талаар санаачилгатай ажиллах ёстой.
6. Үндэсний хэмжээний хэмнэлтийн бодлогод шилжих талаар миний бие хэд хэдэн удаа сануулсан. Дорвитой ажил харагдахгүй байна. Зардлаа хянаж, бүтцээ аль болох цомхотгох, төсвөө хэмнэх талаар дор бүрдээ санаачилга гаргах хэрэгтэй. Засаг дарга нарын ажлыг дүгнэх нэг үндсэн үзүүлэлт болгоход ч болохгүй юмгүй.
7. Гадаад томилолт, аялал зугаалгаас аль болох татгалзмаар байна. Томилолт байж болно. Гэхдээ үр дүн нь юу вэ гэдгээ сайтар тооцоорой.
8. Гадна, дотнын хөрөнгө оруулалтыг аймаг, орон нутагтаа татах талаар юу хийж байгаа вэ? Хөрөнгө оруулалт бол эдийн засгаа сэргээх нэг гол хөшүүрэг гэдгийг санагтун. Гаднын хөрөнгө оруулагчдад элдэв дарамт, шахалт үзүүлдэг, үргээж хөөдөг арга барилаас татгалзаарай.
9. Ажлын байрыг нэг гэлтгүй, жижиг гэлгүй нэмэгдүүлэхэд анхаар. Иргэдээ ажилтай, орлоготой байлгаж чадвал хүндрэл бэрхшээлийг гарз багатай туулна. Өмнө нь 2007 онд ийм арга хэмжээ авч, тодорхой үр дүнд хүргэсэн жишээ бий.
10. Орон нутгийн өмчит байгууллагуудын бүтэц, ашигт ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх хэрэгтэй байна. Надад байгаа мэдээгээр орон нутгийн өмчит байгууллагуудын тоо нэмэгдсэн, тэгсэн хэрнээ өртэй, алдагдалтай ажилладаг нь дийлэнх болсон байна шүү.
11. Сүүлийн 4 жил дараалан тасарсан төсвийн орлого урьдчилсан байдлаар 2016 онд давж биелсэн байна. Энэ бол сайн мэдээ. Аймаг бүр төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлж байх ёстой. Та бүхний төр, засгийн өмнө хүлээсэн хамгийн чухал үүргийн нэг нь энэ гэдгийг санаж ажиллагтун.
12. Зарим газарт өвөлжилт хүндэрч байгаа. Нийт малчин өрхийн 10 хувь нь өөр аймаг, сумын нутагт оторлож яваа гэсэн мэдээ байна. Цас зудын үед бид малаа гээд хүнээ хаячихдаг гэмтэй. Эхлээд хүнээ анхаар. Малчдынхаа эрүүл мэнд, тэтгэмж халамжийн асуудлыг хэрхэвч орхигдуулж болохгүй.
13. Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулж, иргэдэд үйлчлэх үйлчилгээг хүртээмжтэй болгох чиглэлээр эрүүл мэндийн байгууллагуудтайгаа хамтран ажилламаар байна. Алс зайдуу гэдэг шалтгаар эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хөдөөд дутмаг байж таарахгүй.
14. Агаарын бохирдол зөвхөн Улаанбаатарын асуудал байхаа болилоо. Аймаг, томоохон суурин утаатай болж хөрс, ус бохирдож байна. Тиймээс нөхцөл байдлыг хяналтаас алдчихаагүй дээрээ урьдчилан сэргийлэх, зогсоох бууруулах асуудалд анхаарах хэрэгтэй байна.
15. Орон нутгийн иргэдийг мэдээллээр хангах, холбоо мэдээллийн шинэ техник, технологийг нэвтрүүлэх асуудал зарим газар дутмаг байна. Гар утастай болсноор бүх асуудал шийдэгдчихсэн мэтээр ойлгож болохгүйг анхааруулъя.
16. Бүсчилсэн хөгжил гарцаагүй чухал гэдэг нь амьдралаас харагдаж байна. Тиймээс хөгжлийн төлөвлөлтөө энэ зүг рүү хандуулах ёстой.
17. Төвлөрлийг сааруулах асуудлаар саналаа УИХ-д ирүүл. Аймаг, суманд байгаа төрийн байгууллагуудын удирдлагыг бараг бүгдийг нь яам, агентлагаас томилдог болсон нь хэр зөв бэ? Засаг даргынхаа өмнө хариуцлага хүлээдэггүй нутгийн захиргааны байгууллагатай байх нь зөв биш гэж бодож байна.
18. Сахилга хариуцлагыг бэхжүүл. Томилогдсон албан тушаалтнууд үүрэг хариуцлагаа ухамсарлаж ажиллах ёстой. Хэрвээ чадахгүй бол хариуцлага хүлээлгэж, арга хэмжээ ав. Томилж болсон юм, өөрчилж бас болно шүү.
УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын төгсгөлд “МАН үнэмлэхүй ялалт авсан нь ард олны итгэл, найдварыг хүлээж, даалгавар өвөрлөж, үнэмлэхүй хариуцлага хүлээсэн гэсэн үг шүү” хэмээн онцлоод ИТХ-ын дарга, Засаг дарга нарын саналыг сонсож, асуултад нь хариуллаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.