Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд Хэн, Юу хэлэв
Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн.
Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулсан юм. Тэрээр “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэж заасан нь торгох, баривчлах үндсэн шийтгэлийг давхардуулж оногдуулах зөрчилтэй зохицуулалтыг бий болгосон байна. Тиймээс эдгээр болон бусад асуудлыг зохицуулах шаардлагатай болоод байна гэсэн юм.
Тэгвэл энэ хуульд өөрчлөлт оруулахтай холбоотой Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна.
Д.Дамба-Очир: -Машин барьж байхдаа утсаар ярихгүй байх асуудлыг хуулиндаа зохицуулж өгөхгүй бол болохгүй байна. Мөн түргэний машинд жолооч нь ганцаараа сууж яваа атлаа дохиогоо дуугаргаад, урсгал сөрөөд байх юм. Үүнийг зохицуулахгүй бол болохгүй байх. Ер тэгээд машин барихдаа утсаар ярина гэдэг бол байж болохгүй зүйл санагдаж байна.
Г.Баясгалан /Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга/: -Тээврийн хэрэгсэлд жолоодож байхдаа утсаар ярих асуудал их байдаг. Энэ асуудал ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжих Зөрчлийн тухай хуулиар зохицуулагдаад явна.
С.Чинзориг: -Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн. Гэхдээ энэ бол төрийн албан хаагчдад хамааралгүй асуудал. Жижиг дунд бизнес эрхлэгч, гэрээний ажилчдад л хамаатай. Тэгвэл замын хөдөлгөөн зөрчсөн зэрэг асуудалд торгууль тавихдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй харьцуулдаг. Энэ зөв бодлого байж чадах уу. Энэ бол Бага, дунд орлоготой иргэдэд асар их хэмжээний хүү, торгууль, төлбөрийн ачаа болно.
С.Бямбацогт: -Өнөөдөр мөрдөгдөж байгаа хуулиудад торгуулийн асуудлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулсан байгаа. Үүнийг нэг талд нь шийдэх дээр олон байр суурь явж байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хоёр жил тутамд өөрчлөгддөг. Үүнтэй уялдаад торгууль, төлбөрийн хэмжээ өөрчлөгдөөд явдаг. Жишээлбэл, жолоодох эрхээ хасуулсан хүн машин жолоодбол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-4 дахин нэмэгдүүлэх хэмжээний мөнгөн торгууль төлөхөөр тусгасан.Гэхдээ энэ асуудлыг цаашид энэ хэлбэрээр хэрхэн явуулах вэ гэдэг дээр ярих ёстой. Ер нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулаад явах нь төдийлөн оновчтой шийдэл биш гэж харж байгаа.
Г.Мөнхцэцэг: -Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин жолоодсон үед авах хариуцлагын асуудлыг оруулж ирсэн нь сайн хэрэг. Үүн дээр нэмээд мансууруулах бодисын асуудлыг хөндөх хэрэгтэй.
Ажлын хэсэг: -Мансууруулах бодис хэрэглэсэн үедээ машин жолоодсон тохиолдол одоогоор Замын цагдаагийн газарт бүртгэгдээгүй. Манайд мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг илрүүлдэг багаж, хэрэгсэл байхгүй байгаа. Харин сэжигтэй үед цагдаагийн байгууллагын багаж, хэрэгслээр тогтоогоод явдаг.