ХОМ-ийг цахимаар бөглөдөг болно
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 52.6 хувийн ирцтэйгээр 09 цаг 35 минутад өнөөдрийн /2017.01.03/ хуралдаанаа эхлүүлж, “Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай” Хууль зүйн байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.
Тогтоолын төслийн талаар АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж танилцуулсан бөгөөд улсын хэмжээнд холбогдох хуулийн үйлчлэлд хамрагдах 38 мянга орчим албан тушаалтан хуульд заасан үндэслэлийн дагуу хувийн ашиг сонирхлыг мэдүүлэг /ХАСМ/ болон хөрөнгө орлогын мэдүүлгийг /ХОМ/ АТГ цахим систем буюу https://meduuleg.iaac.mn цахим хуудсаар бүртгэдэг байна. Үүний зэрэгцээ давхар цаасан хэлбэрээр гаргуулан дөрөв дэх жилдээ ажиллаж байгаа гэв. Албан тушаалтнуудаас гаргаж буй ХАСМ, ХОМ-ийг цахим хэлбэрээр гаргуулан авснаар төрийн албан хаагчид интернэт бүхий орчинд хаанаас ч мэдүүлэг гаргах боломж бүрдэх юм байна. Ингэснээр улсын хэмжээнд нэгдсэн сан бүрдүүлэх, мэдүүлгийн хяналт шалгалтыг хуулийн хугацаанд шуурхай зохион байгуулах, ХОМ-т олон талын судалгаа, дүн шинжилгээ хийх, иргэд олон нийтийг мэдээллээр хангах зэрэг ач холбогдолтой.
2012 оноос ХАСМ болон ХОМ-ийг цаасан хэлбэрээр авахаас бүрэн татгалзах зорилт тавьж ирсэн, эрх зүйн орчин бүрдсэн хэдий ч хэрэгжих нөхцөл боломж хангалтгүй явж иржээ. Монгол Улсын хувьд цахим болон тоон гарын үсэг хэрэглэх эрх бүхий үндсийг тодорхойлж, тоон гарын үсгийн түлхүүрийн нийтийн дэд бүтцийг бий болгон, үйлчлэх хүрээний хувьд төрийн нууцад хамаарахаас бусад мэдээ, баримт бичгийг цахим хэлбэрт шилжүүлэх, дамжуулахтай холбоотой харилцааг зохицуулах зорилгоор 2011 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр Цахим гарын үсгийн тухай хуулийг баталсан хэдий ч 2016 онд тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг зөвхөн нэг аж ахуйн нэгжид олгожээ. Гэвч хуулийн хэрэгжилт хангалттай биш байгаа аж. Иймд одоогийн үйлчилж буй хууль тогтоомжийн хүрээнд мэдүүлэг гаргагч нь ХАСМ, ХОМ-ээ цахим бүртгэлийн программд оруулаад, баталгаажуулсны дараа хэвлэн, хуудас бүрт гарын үсэг зурж, тухайн байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгнө. Үүний дараа АТГ-ын даргын 2012 оны 91 дүгээр тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан ХАСМ, ХОМ-ийг хүлээн авсан тухай бүртгэлд бүртгүүлэх буюу цахимаар болон цаасаар давхар хэвлэн өгдөг хэлбэрээр явж байгааг тэрээр танилцуулгадаа дурдсан юм. Өнөөдрийн байдлаар цахим санд 2013-2016 оны хооронд гаргасан 161831 ХАСМ, ХОМ бүртгэлтэй байгаа бөгөөд эдгээр мэдүүлгийг ердөө хэвлэхэд л нийтдээ 90.9 сая төгрөг зарцуулсан талаарх тооцоолол гаргасан байна. АТГ-аас ХАСМ болон хяналтын ажлыг цахимжуулахаар бэлтгэл ханган, дуусах шатандаа явж байгаа гэлээ. АТГ жилд дунджаар 10.000 орчим иргэний ХАСМ-ийг хянаж, хариу хүргүүлдэг бөгөөд 2015 онд 14.4 сая төгрөгийн зардал гаргажээ. Цаашид ХАСМ болон ХОМ-ийг цахим хэлбэрээр бүртгэн, цаасан хэлбэрээр авахаас татгалзах нь төсвийн хөрөнгө хэмнэх, мэдүүлэг гаргагч болон бүртгэгч, хянагчийн цагийг хэмнэх зэрэг олон талын ач холбогдолтой болохыг талаар АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж танилцуулгынхаа төгсгөлд онцолсон юм.
Тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан асуух асуулттай гишүүн байсангүй. Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Н.Оюундарь уг тогтоолын төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд, албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотой эрх зүйн зохицуулалтуудын талаар санал хэллээ. Төрийн албанд томилогдох, албан тушаал хаших хүний ХАСМ-ийг АТГ 14 хоногийн хугацаанд гаргаж өгдөг. Үүнээс үүдэн байгууллагын ажлын гүйцэтгэл хойш татагддаг бол хувь хүн шийдвэр гарах хүртэл цалингүй ажиллах зэрэг хүндрэл үүсдгийг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү хэллээ. Хувийн ашиг сонирхолын зөрчил гэдэг ойлголтыг оновчтой тодорхойлох нь манайх шиг боловсон хүчний хязгаарлагдмал нөөцтэй улсад чухал гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Н.Оюундарь нар онцолж, эрх зүйн тодорхой өөрчлөлт хийх шаардлагын талаар Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар дурдан, тодорхой саналуудыг хэлсэн юм. Түүнчлэн тэрээр өнөөдрийн байдлаар хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаж буй 40 орчим мянган албан тушаалтан, төрийн албан хаагчдын тоог 50 хувиар бууруулах бүрэн боломжтойг тэмдэглэсэн.
Ийнхүү “Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай” Хууль зүйн байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувийн саналаар батлав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаар ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Н.Оюундарь нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар шийдвэрлэлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.