Нягтлан бодох бүртгэл, Аудитын тухай хуулийн төслүүд дэмжлэг авлаа

2014 оны 6 сарын 03

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Эдгээр хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж, энэ оны 4 дүгээр сарын 1-нийн өдөр өргөн мэдүүлсэн юм.

Хуулийн төслүүдийн талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.Улаан танилцуулсан юм. Эдгээр хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд нь багцаараа өргөн баригдсан, хоорондоо нягт уялдаатай бөгөөд хөгжлийн шаардлагатай уялдуулан олон улсын стандарт шаардлагад нийцүүлэх зохицуулалтыг төсөлд тусгасан гэдгийг Сангийн сайд онцлов.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль анх 1993 онд батлагдан гарснаас хойш нийтдээ 6 удаа удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 5 бүлэг, 35 зүйлтэй юм. Уг хуулийн төсөлд төсөвт байгууллагаас бусад аж ахуйн нэгж байгууллагыг “нийтийн ашиг сонирхлын”, “жижиг дунд”, “бичил” гэж 3 ангилах, ингэж ангилахдаа олон улсад нийтлэг дагаж мөрдөж байгаа хөрөнгийн хэмжээ, борлуулалтын хэмжээ, ажиллагсдын тоо гэсэн 3 үзүүлэлтийг шалгуур болгох, энэ шалгуурын хэмжээг Засгийн газар тогтоодог байхаар тусгажээ. Мөн Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтэд мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, нягтлан бодох бүртгэл, аудитын олон улсын стандартуудыг орчуулах, тайлбарлах, хэрэглэх зөвлөмж боловсруулах, сургалт явуулах эрх олгох зэргээр төрийн зарим чиг үүргийг нэмж шилжүүлэх, энэ үндсэн дээр Институтийн удирдлага, зохион байгуулалт, тайлагналын зарчмыг хуулиар шинэчлэн тогтоохоор тусгасан байна.

 Түүнчлэн хуулийн давхардал, зөрчил, хийдлийг арилгах хүрээнд санхүү, нягтлан бодох бүртгэлийн салбарын хууль тогтоомжтой харьцуулан давхардал, зөрчил, хийдлийг цэгцэлж, нэр томъёо, зохицуулах харилцааг өөрчлөх, хасах, өөрчлөн найруулах, хүчингүй болгох зэрэг зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг тусгасан гэдгээ төсөл санаачлагч дурдав. Хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар нийтийн ашиг сонирхлын аж ахуйн нэгж байгууллага болон жижиг дунд аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэл хөтлөх болон санхүүгийн тайлагналын үйл ажиллагаа олон улсын стандартад нийцнэ. Үүний үр дүнд үндэсний аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт, санхүүжилт татах чадвар дээшилж, тэдгээрийн санхүүгийн тайлан, мэдээлэл бодит байдлыг илэрхийлж чадаагүйгээс гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, зээлдүүлэгч санхүүгийн байгууллагад учрах эрсдэл буурч, хөрөнгө, санхүүгийн зах зээл хөгжих, ингэснээр үндэсний эдийн засаг хөгжих чухал нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа аж.

 Харин Аудитын тухай хууль анх 1997 онд батлагдан гарснаас хойш удаа дараа нэмэлт, өөрчлөлт оруулж иржээ. Уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь нийт 5 бүлэг, 30 зүйлтэй юм. Хуулийн төсөлд санхүүгийн тайландаа заавал аудит хийлгэх үүрэгтэй аж ахуйн нэгж байгууллагыг тодорхойлох шалгуурыг хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээр биш “нийтийн ашиг сонирхлын аж ахуйн нэгж байгууллага” гэсэн ойлголтод үндэслэх зарчмыг тусгажээ. Мөн аудитын байгууллагаас үзүүлдэг үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн ангилах, тухайн үйл ажиллагаанд холбогдох олон улсын стандартыг мөрддөг байх зарчмыг хуульчлахаар тусгажээ. Түүнчлэн тодорхой аж ахуйн нэгж байгууллагад аудитын үйлчилгээ үзүүлж байгаа аудитын байгууллагыг 3 жил тутамд сольж байхаар тусгасан байна. Үүний зэрэгцээ аудитор болон аудитын байгууллагын хараат бус байдлын зарчим, шалгуурыг илүү тодорхой болгож зохицуулах, аудитын байгууллагыг чадавхижуулах, томоохон аудитын байгууллагыг дэмжих үүднээс 4-өөс доошгүй ахлах аудитортой аудитын байгууллага нийтийн ашиг сонирхлын болон том аж ахуйн нэгж байгууллагад аудитын үйлчилгээ үзүүлэх эрхтэй байхаар төсөлд тусгажээ.

 Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ж.Эрдэнэбат нар Сангийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Харин хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт энэ хоёр хуулийн нэг нь батлагдаад 17 жил, нөгөө нь 26 жил болсон, энэ хугацаанд хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлтүүд оруулсан ч улс орны хөгжлийн өнөөгийн чиг хандлага, олон улсын зах зээлийн шаардлагад нийцүүлэн зайлшгүй шинэчлэх цаг болсон тул төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж байна. Үзэл баримтлал нь сайн боловсрогдсон боломжийн төслүүд юм, тодорхой зарим асуудлыг хэлэлцүүлгийн шатанд засч сайжруулах боломжтой гэж үзэж буйгаа хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар урьд өмнөх ололтоо улам баталгаажуулан дутуу дулимаг зүйлээ засч залруулах үүднээс чамбай боловсруулж оруулж ирсэн сайн төсөл болсон гэдэгтэй санал нэгтэй байна гээд хэлэлцүүлгийн шатанд хуулийн төслийн үндсэн агуулга, зарчмыг алдагдуулахгүй байх нь зүйтэй юм гэдгийг хэллээ.

 Ингээд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3954
0 эможи
keyboard_arrow_up