Дээд шүүхийн шүүгчээр Г.Банзрагч, Б.Мөнхтуяа нарыг томилно
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчдийг танилцуулав.
Нэр дэвшигч Гочоогийн Банзрагч 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. Нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг. 1985-1995 онд нийслэлийн 43 дугаар дунд сургууль, 1995-1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсчээ. 1999-2000 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд, 2002-2003 онд ХБНГУ-ын Байротын их сургуульд Хууль зүйн ухааны магистр, 2006 онд Байротын их сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. 2001 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Захиргааны эрх зүйн тэнхимийн багш, 2015 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд захирлаар томилогдон ажиллаж буй.
Нэр дэвшигч Бямбын Мөнхтуяа 1962 онд Улаанбаатар хотод төрсөн, 1970-1980 Булган аймгийн Булган сумын дунд сургууль, 1981-1986 ОХУ-ын Эрхүүгийн их сургууль, 1996 онд Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институтыг тус тус төгссөн. 1986-1988 онд Булган аймгийн прокурорын газарт дадлагажигч ажилтан, 1988-1989 онд Тээврийн яамны Хуулийн хэлтэст хууль тогтоомжийн фондын бүрдүүлэгч, 1989-1991 онд Улаанбаатар хотын шүүхийн шүүгч, 1991-1992 онд Найрамдлын районы Ардын шүүхийн шүүгч, 1992-1993 онд Ажилчны районы шүүгч, 1993-2006 онд ХУД-ийн шүүгч, 2006-2011 онд БГД-ийн шүүгч, 2011-2014 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, 2014 оны зургаадугаар сараас өнөөг хүртэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж буй. Эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, "С.Зоригийг хөнөөсөн шүүх хурлын талаар нийгэмд тодорхой ойлголт өгөхгүй бол иргэдэд бухимдал үүссэн байна шүү” гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, “Шүүгчдийг танилцуулаад асуудал дуусдаг юм бол чуулганы хуралдаанд асуудлыг оруулж ирэх хэрэг байна уу. С.Зоригийг хөнөөсөн хэргийг иргэд хэлмэгдүүлэлт гэж үзэж байна шүү. Бид энэ талын мэдээлэл авч чадахгүй байна. Дээд шүүх энэ асуудалд онцгой анхаарах хэрэгтэй. Шүүхэд итгэх итгэл өнөөдөр алдарч байгаа шүү. Шүүгчдийн цалинг нэмж хараат бус болгосон гэдэг ч амьдрал дээр асуудал тийм биш байгааг анхаараарай” гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, "Шүүхэд итгэл иргэдийн итгэл үнэхээр алдарсан. Цорын ганц гэрч нь амьд байхад оролцуулалгүйгээр шүүх хурал хийлээ. Шүүх нотлох тал дээр сайн ажиллахгүй бол нийгэмд буруу үр дагавар дагуулах гээд байна. Шүүгчийн сахилга хариуцлага дээр томилогдож байгаа хүмүүс онцгой анхаарах хэрэгтэй" гэв.
УИХ-ын гишүүн Б.Ундармаа, "С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал хаалттай хуралдсан нь нийгэмд хардлага төрүүлж байна” гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Болд, "Монгол Улс шүүхдээ найдахгүй бол өөр юунд найдах ёстой юм бэ. Ийм эргэлзээ байх юм бол цаашаа хаашаа явах вэ. Хаалттай шүүх хурлыг иргэд тэвчиж ирсэн. Шүүхийн шийдвэртэй иргэд санал нийлэхгүй байна. Давж заалдах шатанд эргэлзээг тайлах хэрэгтэй” гэсэн юм.
Ийнхүү Улсын дээд шүүхийн шүүгч нарыг томилох асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар сонслоо.