С.Бямбацогт: Эрүүлжүүлэх байрыг Цагдаагийн байгууллагын харьяанд шилжүүлнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж хийсэн мэдээллийнхээ үеэр "Эмнэлгийг эрүүлжүүлэх болгосон алдааг залруулна" хэмээн мэдэгдлээ.
Өөрөөр хэлбэл, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсоны улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон, гудамж талбай, олон нийтийн газар ухаангүй унасан, энэ байдпаас болж өөрөө осол гэмтэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй болсон этгээдийг цагдаагийн алба хаагч эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгдөг болох хуулийн төслийг ХЗДХЯ ЭМЯ-тай хамтран боловсруулжээ.
Согтууруулах ундаа хэтрүүлсэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль 2003 онд баталсан. Улмаар 2013 онд хуулинд зарим өөрчлөлт оруулж, албадан эрүүлжүүлэх үйл ажиллагааг нь Эрүүл мэндийн байгууллага, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, захиргааны зөрчилд холбогдсон бол цагдаагийн байгууллага хариуцдаг болгож өөрчлөлт оруулсан юм. Гэвч дээрх хуулийн хэрэгжилтийг хангах явцад эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авч байгаа иргэдийн тав тух, амгалан тайван байдлыг алдагдуулж байна гэх шүүмжлэл эмч мэргэжилтнүүдээс болон хэвтэн эмчлүүлэгсэдээс ихээр гарах болсон.
Иймд энэхүү алдааг залруулж, эрүүлжүүлэх байрыг Цагдаагийн байгууллагын харьяалалд ажиллуулах бөгөөд түүнд эрүүл мэндийн тусламжийг эмч, хамгаалалт, аюулгүй байдал нэгдсэн удирдлагыг цагдаагийн байгууллага хариуцаж ажиллахаар хуулийн төсөлд тусгажээ.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд нийт 40 саатуулах байр үйл ажиллагаа явуулж байгаагийн 10 нь нийслэл хотод, 30 нь хөдөө орон нутагт байгаа аж. Тус хуулийн төслийг энэ сарын 26-нд салбарын сайд С.Бямбацогт УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд удахгүй хэлэлцүүлгийн шатанд орж ирэх гэнэ.