Хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв

2016 оны 12 сарын 27
 
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод  Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өргөн мэдүүллээ. 
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5.1-д “...архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсоны улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон, гудамж талбай, олон нийтийн газар ухаангүй унасан, энэ байдпаас болж өөрөө осол гэмтэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй болсон этгээдийг цагдаагийн алба хаагч эмнэлгийн байгууллага (цаашид "эрүүлжүүлэх байр" гэх)-д хүлээлгэн өгнө...” гэж заасан нь иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах нийтлэг эрх ашгийг хөндөж байна хэмээн үзсэн байна.
 
Эмнэлэгт хүргэгдэн ирж байгаа согтуу иргэд эмнэлгийн байгууллагын дотоод журмыг ноцтойгоор зөрчих, халдвар хамгааллын дэглэмийг алдагдуулах, зүй бусаар авирлах, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийг эвдэх, бусад үйлчлүүлэгчийн амгалан тайван байдлыг алдагдуулан тэдний эрхийг зөрчих, эмч, эмнэлгийн ажилтны аюулгүй байдалд эрсдэл учруулах, эрүүл мэндийн байгууллагад гэмт хэрэг гарах нөхцлийг үүсгэж байгаагаас үүдэн хууль, эрх зүйн зохицуулалтыг өөрчилж, оновчтой болгох шаардлага үүсчээ. Иймд Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. 
 
Хуулийн төсөл батлагдсанаар нийгмийн хэв журмыг сахиулах хуулийн зорилт бодит утгаар хэрэгжиж, эрүүл мэндийн байгууллагын зохиомол ачаалал буурч тусламж үйлчилгээний хүртээмж, чанарт эерэгээр нөлөөлнө хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна. 
Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг Монгол Улсын Их Хурлаас 2015 оны арванхоёрдугаар сарын 03-ны өдөр баталж, 2016 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтсон. Тус хуулийг дагаж мөрдөх хүртэлх хугацаанд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй учир мөрдөх хугацааг 2017 оны долдугаар сарын 01-ний өдөр хүртэл хойшлуулсан юм. 
 
Шинэчилсэн найруулгад гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ял оногдуулах бодлогыг тусгайлан зохицуулсан, гэмт хэрэгт оногдуулах хорих ялын бодлогыг уян хатан болгосон хорихоос өөр төрлийн ялыг шинээр оруулж, баривчлах ялыг халсан, ялтай байдал, онц аюултай гэмт хэрэгтэн, давтан гэх зэргээр хууль зүйн үр дагавар үүсгэж гэмт хэрэг үйлдсэн хүний эрх зүйн байдлыг дордуулсан зохицуулалтыг хүчингүй болгосон, цаазаар авах ялыг халж, хорих ялын дээд хэмжээг багасгасан гэх зэргээр дэвшилттэй зохицуулалт нэлээд туссан. Гэвч хуулийг судлан үзэхэд практикт уг хуулийг нэг мөр хэрэглэхэд хүндрэл үүсэх магадлалтай, гэмт хэрэг үйлдсэн этгээд ял завших, эсхүл түүний эрх зүйн байдлыг дордуулсан, хууль зүйн техник, утга найруулгын алдаатай заалт багагүй байгааг залруулах, Эрүүгийн хууль зорилтоо бүрэн хангахуйц, заавал хэрэгжих, хүн бүрд тэгш, алагчлалгүй, шударга үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан болохоо Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулсан юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39361
0 эможи
keyboard_arrow_up