УИХ-ын дарга Кувейт улсад албан ёсны айлчлал хийв

2016 оны 12 сарын 23

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2016 оны 12 дугаар сарын 20-21-нд Кувейт Улсад албан ёсны айлчлал хийв.

 

Түүнийг Эль-Кувейт хотын нисэх онгоцны буудалд Кувейтийн Үндэсний Ассамблейн дарга ноён Марзук Али Аль-Ганим тэргүүтэй албаны хүмүүс угтан авав.

УИХ-ын дарга М.Энхболд Кувейт Улсад айлчлах үеэр тус улсын Эмир Шейх Сабах Аль-Ахмед Аль-Жабер Аль-Сабах, Үе залгамжлагч хунтайж Шейх Наваф Аль-Ахмед Аль-Жабер Аль-Сабах, Үндэсний Ассамблейн дарга Марзук Али Аль-Ганим, Шадар сайд бөгөөд Сангийн сайд Анас Халид Аль-Салех, Кувейтийн сангийн Ерөнхий захирал Абдулвахаб А.Аль-Бадер, Кувейтийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт (Alternative Investment)-ын асуудал хариуцсан Гүйцэтгэх захирал Фарук Аль-Бастаки нартай уулзаж яриа хэлцээ хийв.

Яриа хэлцээний үеэр УИХ-ын дарга М.Энхболд хоёр орны хооронд тогтоосон хамтын ажиллагаа улс төр, эдийн засгийн бүхий л салбарт амжилттай хөгжиж байгааг дурдаад, Кувейтийн талын санхүүжилтээр барьж байгуулсан авто зам, Тайширын Усан цахилгаан станц зэрэг бүтээн байгуулалтад Монголын ард түмэн ямагт талархаж байдгийг онцлон тэмдэглэв.

Парламентын ордон барихад зориулан олгосон санхүүжилтийг ард түмний эрүүл мэндийг хамгаалах байгууллагад шилжүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлж, Шүрэнгийн УЦС-ын асуудлаар тодорхой шийдвэрийг Засгийн газраас гаргана гэдгийг мэдэгдэв.

Кувейтийн Эмирийн санаачлан байгуулсан Кувейт-Монголын судалгааны төв Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж, Өндөрхааны нисэх онгоцны буудлын өргөтгөл шинэчлэлтийн техник, эдийн засгийн үндэслэл хийгдэж байгааг мөн кувейтийн талд мэдэгдэв.

Яриа хэлцээний үеэр УИХ-ын дарга Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал болон эдийн засгийн хямралаас гарах зорилтыг хэрэгжүүлэхэд Кувейт Улсаас Монголд хөрөнгө оруулалт хийх, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгохыг хүсч, санал тавив.

Түүнчлэн Кувейт Улс, Кувейтийн сантай уул уурхай, хөдөө аж ахуй, барилга, аялал жуулчлалын зэрэг салбарт хамтран ажиллах боломжтой гэж үзэж байгаагаа тэмдэглээд Кувейтийн сан, Кувейтийн Хөрөнгө оруулалтын газрын удирдлагыг Монголд айлчилж, хамтран ажиллах асуудлаар газар дээр нь танилцаж яриа хэлцээ хийхийг урив.

Кувейтийн Эмир энэ жилийн хувьд газрын тосны үнийн уналттай холбоотойгоор Кувейтийн санхүүгийн байдал амаргүй байгаа, гэхдээ Монгол Улсад боломжийнхоо хэрээр туслахыг зохих байгууллагуудад чиглэл болгоно гэж мэдэгдэв.

Кувейт Улсын Үндэсний Ассамблейн дарга ноён Марзук Али Аль-Ганим Монгол Улс хүнд хэцүү цагт ямагт Кувейттэй хамт байсан, Иракийн дайны үеэр хамгийн түрүүн Кувейт улсын тусгаар тогтнолыг дэмжиж, Иракийн эзлэн түрэмгийллийг буруушааж байсан улс орны нэг нь Монгол тул Монгол Улсад хүндэтгэлтэй хандсаар байх болно, Монгол Улс бол Кувейтийн Засгийн газар, ард түмэнд хамгийн ойр дотно улсуудын нэг гэдгийг онцлон тэмдэглэж, цаашид хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага Кувейтийн Үндэсний Ассамблей болон Монгол Улсын Их Хурлын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал гэж үзэж байгаагаа цохон тэмдэглэв.

Кувейт Улсын Шадар сайд бөгөөд Сангийн сайд Анас Халид Аль-Салех Монголын талаас бодитой төсөл, хөтөлбөр ирүүлбэл Кувейтийн сан, Хөрөнгө оруулалтын газар хүлээж авахад бэлэн гэж мэдэгдлээ.

Кувейтийн сангийн Ерөнхий захирал ноён Абдулвахаб Ахмед Аль-Бадер Кувейтийн сангийн шугамаар томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлыг судалж үзэхээ мэдэгдэж, зээл тусламжийн асуудлыг Засгийн газрын түвшинд шийднэ, шийдвэр нааштай гарна гэдэгт итгэлтэй байна гэж онцлон тэмдэглэлээ.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39302
0 эможи
keyboard_arrow_up