Хөгжлийн банктай холбоотой Хэн, Юу хэлэв?

2016 оны 12 сарын 23

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Хуралдаанаар Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр Хэн, Хэлсэн талаар танд хүргэж байна. 

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

-Хараат бус байдлын талаар та бүхэн хэлэх хэрэгтэй. Банк өөрөө шийдвэр гаргах нөхцөл муутай. Шууд Засгийн газар шийдвэр гаргаад явж байсан байхгүй юу. Тиймээс өчигдөр Хөгжлийн банкийг хараат бус болгох хууль өргөн барьсан. Цаашид тус банкинд Монголбанк хяналт тавина гэх мэт агуулга багтсан.

УИХ-ын гишүүн Д.Ганболд:

-Хөгжлийн банкны хараат бус байдлыг хангах нь зөв. Гэхдээ Засгийн газар зээл тусламж олж ирсэн юм чинь захиран зарцуулах эрхтэй гэж би бодож байна.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

-Зарчмын хувьд тогтоолын төслийг дэмжиж байна. Өр авлагын асуудлыг арванхоёрдугаар сарын 31-ны өдрөөр тасалбар болгоод хаая гээд байгаа юм уу? Яарч сандарч энэ асуудлыг хэлэлцэх ямар шаардлага байна вэ? 3,2 их наяд төгрөг үнэн хэрэгтээ алдсан байна. Алдсан юмаа авч чадахгүй бол төр гэж суугаад яах юм бэ? Хөгжлийн банкны дэргэд эвсэл Монголбанкны дэргэд өр барагдуулах алба гэж байгуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол 3,2 их наяд төгрөгийн өр зээлийн асуудал энэ сараар тасалбар болоод алга болох вий. Б.Батбаяр даргаа өр авлагаа барагдуулж авах эрх өөрт чинь бий.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн:

-Хөгжлийн банкнаас өнгөрсөн жил 3,2 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжүүлсэн юм байна. Төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй санхүүжүүлсэн обьектод аудитын дүгнэлт гаргуулах санал энэ тогтоолын төсөлд орсон байгаа.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

-Байнгын хороо чуулган дээр бүх асуудал ил хэлэлцэгддэг. Тэгээд нөгөөх нь боловруулах шатанд өргөн олонд тардаг. Үүнээс болоод гадна талдаа янз бүрийн нөхцөл байдалд ороод байна. Гартаа барьсан хөзрийн модоо гадныханд мэдэгдчихээд яаж мөнгө гуйх юм. Зарим нэг асуудлыг хаалттай хэлэлцээд явмаар байна. Хоёрдугаарт, Хөгжлийн банк алдсан мөнгөө эргээд олж авах тал дээр яагаад ярихгүй байгаа юм бэ? Хөгжлийн банкнаас гарсан 3,2 их наяд төгрөгийн зээлийг арванхоёрдугаар сарын 31-нээр тасалбар болгоно гэхээр мөнгөө яаж эргэж олох юм бэ?

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Өмнөх парламентын үед МАН, МАХН, АН төр барьсан. Тэр дундаа МАН, АН сангийн асуудлаа барьсан. Хөгжлийн банкны нөхцөл байдлыг хараад би гайхаад байна. Монголд зургаахан банк бий. Ам.долларын нийлүүлэлт хийгээд байхад яагаад ханш буурахгүй байгаа юм бэ? Тэр ам.долларууд хаана байна вэ? Ам.доллараа худалдаж аваад гадагш гаргачихсан юм уу? Хоёрдугаарт, өр төлбөрүүдээ арванхоёрдугаар сарын 31-нээр хааж байгаа юм бол өр төлбөрүүдийг нь хэн төлөх юм бэ? Өр барагдуулах нэгж гэж зохион байгуулалттай ажлын хэсэг байгуулах юм уу? Цаашид өр төлбөрүүд төлөгдөх юм уу, үгүй юу? Хөгжлийн банкин дээр ард түмний нэрийн бариад хууль зөрчсөн зүйл байгаа бол өмнөх Сангийн сайд нар хариуцлага үүрэх ёстой. Миний сонссоноор зээлийн 60 хувийг МАН авсан гэж байсан. Энэ зээлийг үнэхээр ардын намынхан авсан юм биш үү? Сонгуулийн сурталчилгааны үед хоёр намынхан онгоцоор нисэж сурталчилгаа хийж байсан. Энэ их мөнгө хаанаас гарсан юм бэ?

Сангийн сайд Б.Чойжилсүрэн:

-Ам.долларын ханш яагаад буурахгүй байна вэ гэвэл өнгөрсөн жил тавьсан их өрийн дарамтад ороод байна. Өрийн асуудлаас болж төлбөрийн тэнцэл дарамттай байна. Тиймээс ам.долларын ханш буурч өгөхгүй байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд долоон их наяд 954 тэрбум төгрөгийн мөнгө хэвлэж зах зээлд нийлүүлсэн байдаг. Үүнээс шалтгаалж ам.долларын хомсдол үүсээд байгаа юм. Өр төлбөрийн гүйцээж барагдуулах тал дээр хатуу арга хэмжээ авна. Ямар ч зээл ор тас алга болно гэж байхгүй.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:

-Хөгжлийн банкны асуудлыг анхаарах хэрэгтэй. Гэхдээ Монгол Улс мөнгөний бодлогоо хэрхэн явуулах вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Бодит байдал дээр иргэдийг хамгийн их хохироож, өмч хөрөнгийг нь хурааж авч байгаа нөхцөл байдлаас ард түмнээ яаж аврах вэ? Хөгжлийн банкны өнөөгийн нөхцөл байдлыг бид мэдэж байгаа. Цаашид ямар арга хэмжээ авах ёстой вэ? Бусад арилжааны банктай адил байдлаар битгий яваасай. Бидний өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудлын үр дүн хэзээнээс харагдаж эхлэх вэ?

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр:

-Банкнаас гарч байгаа нэг төгрөг зургаа дахин үржигдэж байхаар төсөл арга хэмжээгээ явуулна. Бид ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтаа гаргаж байна. Энэ төслүүд эдийн засгийн үр ашигтай, эргэн төлөгдөх нөхцөл өндөр байх юм бол санхүүжилт олгох гэрээ хэлэлцээрээ баталгаажуулаад явахаар ажиллаж байгаа.

УИХ-ын чуулган үргэлжилж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39293
0 эможи
keyboard_arrow_up