Хилийн хуулийг үдээс хойш үргэлжлүүлэн хэлэлцэнэ
УИХ-ын чуулганаар Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааны явцад гишүүд асуулт асууж хариулт авсан юм. Ингээд цайны цаг болсон тул чуулганы хуралдаан түр завсарлалаа. Үдээс хойш Хилийн тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Г.Занданшатар:
-Хилийн бүсийн талаар маргаан өрнөсөн. Хилийн зөрчил ихтэй байгаа бүс нутгуудад хилийн бүсээ өргөн тогтоосон явдал байгаа. Дэлхий нийт хүйтэн дайнаас хойш хилийн бүсээ аваад хаясан.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
-Гэрээт хилчин гэдэг нь хил хамгааллыг хөнгөвчилж байгаа хэлбэр юм уу. Хилийн бүс, 100 км гэдэг асуудлаас болоод уул уурхайтай холбоотой хардлага явсан. “Сулин хээрийн отряд” байгаа газарт цагаан алт гарсан учраас нүүлгэх гээд байна гэж яригдаад байна. Энэ үнэн үү?
УИХ-ын гишүүн О.Батнасан:
-Хуучин хууль дээр 100 км гэж байсан. Хуучин заалтаараа байгаа.
Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэн:
-Хилийн бүсэд цэцэрлэг сургууль байдаггүй учраас хүмүүс очдоггүй юм. Тиймээс хилийн цэргүүдэд арай өөр нөхцөл боломж олгож байж авч ажиллуулдаг.
Сулин хээрийн отрядын тухайд хуучин байрлалыг орон нутгийн өмчид шилжүүлж өгөх хүсэлтийг орон нутгийн удирдлагуудад тавьсан. Тэнд алт байвал орон нутаг өөрсдөө авна биз. Сулин хээрийн отрядад 40 барилга байдаг. Отрядын байрыг багийн төв болгох саналтай байгаа. Ашиглах боломжтойг нь ашиглаад боломжгүйг нь актлах саналтай байгаа юм.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
-Сулин хээрийн отрядын нутаг дэвсгэр алттай гэдгийг би анх удаа сонсож байна. Ашигт малтмалын орд авахын тулд отрядыг нүүлгэсэн асуудал байхгүй. Гишүүд хардах эрхээр асуудал ярьж байна гэж сүүлийн найман жил ярих болсон. Хардлагад суурилсан дэл сул яриа их яваад байна. Хардах эрх бол жирийн иргэдэд байж болно. УИХ-ын гишүүнд байж боломжгүй асуудал шүү хэмээн тайлбарлалаа.
Дашрамд дурдахад, Монгол Улсын хилээр нэг жилд 4,4 сая зорчигч орж гардаг ажээ. Тэдний 70 орчим хувь нь дотоодын, үлдсэн 30 хувь нь гадаадын иргэд байдаг байна.