Хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа
Арабын Нэгдсэн Эмират Улсад айлчилж буй Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт Абу Даби хотноо гарын үсэг зурлаа.
Арабын Нэгдсэн Эмират Улсын Холбооны үндэсний зөвлөлийн дарга, доктор, хатагтай Амал Абдулла Ал Кубаиси энэ үеэр хоёр улсын эдийн засаг, хөрөнгө оруулалт, хууль эрх, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны асуудлыг хөндөв.
Тэрбээр юуны түрүүнд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллахыг чухалчилж байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн давхар татвар ногдуулахгүй байх, визийн асуудлыг хөнгөвчлөх талаар хууль тогтоох байгууллагууд анхаарах ёстой гэдгийг тодотгов.
Мөн “Хоёр орны хооронд агаарын тээврийн шууд нислэг хийх нь харилцааг бодит түвшинд идэвхжүүлэхэд түлхэц болох болно. Эдийн засгийн харилцаанаас дутуугүй чухал зүйл бол соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа юм. Юуны өмнө оюутан сургах, араб хэлтэй залуучуудын тоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна” гэж тэмдэглэж хэллээ.
УИХ-ын дарга М.Энхболд хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголоос мах, махан бүтээгдэхүүний экспорт хийх, хөрөнгө оруулалтын томоохон төслүүд дээр хамтарч ажиллахыг бид зорьж байна гэж үгийнхээ эхэнд тэмдэглэв.
Тэрбээр хатагтай Амал Абдулла Ал Кубаисигийн дэвшүүлсэн сэргээгдэх эрчим хүч, боловсрол, агаарын тээврийн салбарт хамтран ажиллах, давхар татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчин бүрдүүлэх зэрэг асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Мөн Эмиратад ажиллах хүч гаргах асуудлыг хоёр талаас судлан шийдвэрлэхийг санал болголоо. Монгол залуус Эмиратын бүтээн байгуулалтад оролцож, мэдлэг мэргэжил эзэмшихийн зэрэгцээ хоёр орны ард түмнүүдийн хооронд найрсаг харилцаа тогтооход энэ ажил ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байгаагаа М.Энхболд онцолсныг хатагтай Амал Абдулла Ал Кубаиси дэмжив.
Хамтын ажиллагааны Санамж бичигт УИХ-ын дарга М.Энхболд, Арабын Нэгдсэн Эмират Улсын Холбооны үндэсний зөвлөлийн дарга, доктор, хатагтай Амал Абдулла Ал Кубаиси нар гарын үсэг зурлаа.
Санамж бичигт хоёр улсын парламент хоорондын болон улс төр, эдийн засаг, соёл боловсрол, бүс нутаг, олон улсын түвшний хамтын ажиллагааны асуудлууд багтжээ.
Баримт бичигт гарын үсэг зурах үеэр айлчлалын бүрэлдэхүүнд багтаж яваа Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд П.Ганхүүг АНЭУ-д удахгүй болох Сэргээгдэх эрчим хүчний дээд хэмжээний уулзалтад урив.
ТОДРУУЛГА: Монгол Улс, Арабын Нэгдсэн Эмират Улстай 1996 онд дипломат харилцаа тогтоосон. Хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаа ойрын жилүүдэд эрчимтэй өргөжих төлөвтэй байгаа. Монгол Улсын иргэний агаарын тээврийн МИАТ компани АНЭУ-ын “Flydubai” компанийн хооронд “Агаарын харилцааны тухай хэлэлцээ” байгуулсан. Тус улсад дэлхийн 200 орны иргэд ажиллаж, амьдарч байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар Абу Даби хотоос мэдээлэв.