Даатгалын сангийн мөнгийг 15 хувь болгосноор 36 тэрбумын ашиг олно

2016 оны 12 сарын 16

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүдийн зүгээс хууль санаачлагчид хандаж, ахмадуудын хөдөлмөр эрхлэлт, тэтгэвэр олголт, орон сууцны хангамж, түлээ нүүрсний хөнгөлөлт, нийгмийн халамж, түүний үйлчлэх хүрээ, ахмад настнаар мэргэшсэн эмчийн сургаж, эмнэлэг байгуулах эсэх, хөгжлийн бэрхшээлтэй болон бие даан амьдрах чадваргүй ахмадуудыг хэрхэн анхаарах, нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих боломж, Ахмадын өргөөний урсгал зардал, ашиглалтын зардал дээр төр эргэж харах  зэрэг өргөн хүрээтэй асуудлаар тодруулга авсан. 

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, "Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл өчигдөр хуралдсан. Хуралдаанаар Нийгмийн даатгалын  сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг банкинд хадгаламж хэлбэрээр байршуулахдаа 9 хувиар боддог байсныг 15 хувь болгож нэмэгдүүлсэн.  Энэ зөрүүнээс 36 тэрбум төгрөгийн ашиг олно.

Мөн тэтгэврийн зээлийн хүүг тодорхой шатанд бууруулахаар ажиллаж байна. Энд нэг асуудал байна.  Зээлийн хүү бууруулах гэхээр өмнө нь ажиллаж байсан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл 2018 он гартал банкуудтай хадгаламжаа эргэж татахгүй гэсэн гэрээ байгуулсан байна. Гэрээ зөрчвөл 2 хувийн торгууль төлөх юм байна.  Хоёр хувийн торгууль хүлээмээргүй байна. Ер нь нэг хоёр сардаа багтааж шийдвэрлэнэ. 

Одоогийн байдлаар зөвхөн нэг банк хадгаламжийн мөнгөө чөлөөлж өгсөн. Төрийн банк өнгөрөгч 11 дүгээр сард 20 тэрбум төгрөг сулласан. Гэтэл багцаар нь авч үзвэл 7-8 банктай байгуулсан 34 гэрээтэй бүхий 587 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байгаа юм.

Өөр нэг асуудал бол өнгөрсөн сарын 15-наас ахмадууд дурын банкнаас тэтгэврээ авдаг болсон. Сумдад ХААН, Төрийн банк байдаг. Орон нутагт сонголт жаахан тааруу байна. Одоогоор үр дүнг нь харж байна" гэсэн тайлбарыг өгч байлаа.

Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад 83.7 хувь дэмжсэн юм. Үүгээр чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан завсарлав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39114
0 эможи
keyboard_arrow_up