Ц.Нямдорж: Гишүүдийн туслахууд гэртээ унтаж байгаа гишүүдээ авчир
Ойрын өдрүүдэд УИХ-ын гишүүд ажилдаа ирэхээ байчихаад байгаа билээ. АН-ын цөөхөн хэдэн гишүүн байтугай эрх баригч МАН-ын 65 гишүүн ирцээ бүрдүүлж, хуралдаа сууж чадахгүй байгаа нь үнэн.
Тэгвэл 10:00 цагт эхлэх ёстой УИХ-ын чуулганы хуралдаан одоо хүртэл эхлээгүй, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж гишүүдийнхээ ирцийг бүрдүүлэхийг бүлгийн дэд дарга нарт үүрэг болгож, нэлээд уцаарлангуй сууж байна.
Тэрбээр “Саранчимэг бүлгийн дэд дарга өөрөө ирж гишүүдийнхээ ирцийг бүрдүүл . Цэрэнбат хаагуур яваад байгаа юм. Хаянхярваа гишүүн хуралдаа оролцож байгаа гишүүдийнхээ ирцийг бүлэг дээрээ ярь. Баасанхүү гишүүн удаа дараа зөв шаардлага тавьж байгаа. Ер нь ирц нь бүрддэггүй эрх баригч бүлэг гэж ямар юм байдаг бэ. Бид нарын хариуцлагаас улс орны чинь хариуцлага эхэлнэ. Дэндүү замбараагүй байна шүү дээ. Яам, тамгын газрынхан ирчихээд бүтэн өдөржин энд суугаад ажлаа алдаж байна.
Ер нь цаашид чуулганы болон байнгын хорооны ирцийг зарлаж, хуралд ирэхгүй байгаа хүмүүсийг олонд зарлах хэрэгтэй. 2012 оны Ардчилсан нам шиг байх гээд байгаа юм уу, МАН-ын гишүүд ээ. Чуулган дундуур байнгын хорооны хурал гэж чуулганы хуралдаан үймүүлдэгээ больмоор байна. Байнгын хорооны хурал тусдаа цагтай шүү дээ. Цагтаа хуралдаад чуулган, байнгын хороогоо дуусгадаг хэлбэрт шилжмээр байна” хэмээн бухимдав.
Түүнчлэн “Гишүүдийн туслахууд гэртээ унтаж байгаа гишүүдээ авчир” хэмээгээд хоосон танхимыг сонгогчдод харуулахыг шаардлаа.