Хууль зүйн байнгын хороо хоёр асуудал хэлэлцлээ

2016 оны 12 сарын 13
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2016.12.13/ хуралдаан 11 цаг 10 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Тус байнгын хороо өмнөх хуралдаанаараа /2016.12.06/ Засгийн газраас энэ оны есдүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад байнгын хорооны гишүүдээс гаргасан 80 гаруй зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг Ажлын хэсэг судалж, боловсруулах шаардлагатай гэсэн шалтгаанаар хойшлуулаад байсан юм. Өнөөдрийн хуралдаанаар уг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэдийн гаргасан найруулгын шинжтэй зарчмын зөрүүтэй саналын 79 томьёолол тус бүрээр санал хураалт явууллаа.
Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, М.Оюунчимэг, Х.Нямбаатар нарын гаргасан саналуудыг тус бүрээр хэлэлцэн, Ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авч шийдвэрлэсэн юм. Ийнхүү Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. 
Үүний дараа Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбоотойгоор Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар байнгын хорооны гишүүдэд хуулийн төслийн талаар танилцууллаа. 
Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно.” гэснийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан, хэлэлцэж зөрчсөн байна гэж үзжээ. Уг дүгнэлттэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Шүугчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно." гэсний "... нэг удаа ..." гэсэн заалтын үйлчлэлийг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байна. Улсын Их Хурал дээрх дүгнэлтийг энэ сарын 09-ний Баасан гарагийн хуралдаанаар хэлэлцэн, Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцээд хүлээн зөвшөөрсөн юм. Иймд Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсан тохиолдолд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах үүрэг хүлээдэг зохицуулалтын дагуу Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх шаардлага үүссэн болохыг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцууллаа. 
Хуралдаанд оролцож буй гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлсэнгүй. Ийнхүү Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 66.7 хувийн саналаар дэмжив хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39006
0 эможи
keyboard_arrow_up