Чуулган: Оффшорын хуулийг хэлэлцэхээр боллоо
УИХ-ын үдээс өмнө чуулган цаг сунгаж хуралдав. Учир нь өнөөдрийн хэлэлцэх асуудал цөөхөн тул үдээс өмнө хэлэлцээд дуусгах саналыг УИХ-ын дарга гаргаж, гишүүд дэмжсэн юм.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэхүү хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцээд Засгийн газарт буцаах санал гарсан билээ.
Харин УИХ-ын гишүүд хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд байнгын хороонд шилжүүлэв. Хуралдааны явцад гишүүд дараах байр суурийг илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
-Гэр бүлийн гишүүдийг хуулийн үйлчлэлд хамруулахгүй байхаар оруулж өгсөн нь учир дутагдалтай байна. Тиймээс би энэ хуулийн төслийг буцаах саналтай байгаа юм. Сү.Батболд дарга оффшор данстай нь гэдэг нь илэрсэн. Энэ хүнд яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт:
-Олгой хагаравч тогоон дотроо гэдэг үг бий. Аливаа этгээдийн буруутай гэдэг нь тогтоогдсон бол хуулийн байгууллага тогтооно. Тэрнээс байнгын хороо, чуулганы микрафоныг ашиглаж нэг нэг рүүгээ дайрмааргүй байна. Манайхан оффшор данс гэхээр хадны мангаа мэт ойлгодог болсон. Тиймээс төрийн болон улс төрийн албан тушаалтан оффшор данс эзэмшихийг хориглох заалт оруулсан. Төрийн болон улс төрийн албан тушаалтнаас өөр хүнд оффшор данс нээх эрх бий. Оффшор данс нээсэн төрийн болон улс төрийн албан тушаалтанд хариуцлага тооцох асуудал оруулж ирээд байхад яагаад буцаах гээд байгаа юм бол. Хэрэв гэр бүлийн хүн нь оффшор данс нээж ашигласан бол өнөөдрийн мөрдөж байгаа Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээж заалт нь бий.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:
-Гэр бүлийн гишүүдийн асуудлыг их ярьж байгаа. Ял зэмийг үр хүүхэд, гэр бүлд халдаан хэрэглэж болохгүй. Энэ хуульд хэн нэгнийг гэмт буруутайг тогтоох тухай асуудал ерөөсөө яриагүй. Гэм буруутай болохоос сэргийлэхийн тулд хуулийг санаачилсан юм. Ер нь бол оффшортой холбоотой асуудал дээр зөв ойлголттой байх ёстой. Оффшор данс, оффшор үйлчилгээ хоёр чинь өөр зүйл шүү. Гэтэл хамаг юмыг нь холиод яриад байх юм. Энэ хуульд төрд ажиллаж байгаа хүн оффшор данс хэрэглэхийг хориглоод хувийн хэвшилд ажиллаж байгаа хүнд зөвшөөрнө. Хувийн хэвшилд байхдаа оффшор данс нээгээд төр ороод ирсэн бол хөрөнгө орлогын мэдүүлэгтээ оруулж, оффшор дансаа царцаах тухай асуудлыг багтаасан. Тиймээс энэ хуулийн төслийг хэлэлцэх шаардлагатай.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
-Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр С.Бямбацогт сайд байгаагүй. Хэрэв байсан бол тэнд ерөнхий хэлбэр нь гарчихсан юм. Энэ хуулийн төсөлд гэр бүлийн гишүүд нь оффшор данс эзэмшихийг хориглох заалт оруулж өгөх хэрэгтэй. Үүнийг тусгаад 10-15 хоногийн дотор бичээд оруулаад ирэх боломжтой шүү дээ. УИХ-ын гишүүд нь шаардлага хангахгүй байна гэж үзэж байхад сайд цахим ертөнцөд элдэв янзын юм бичээд сууж байх хэрэггүй. Цахим ертөнцөд элдэв юм бичээд сууж байхаар хуулийн төсөл дээрээ ажиллаж, ганц нэг юм бичиж сурах хэрэгтэй. Болиорой, та нар. Ерөнхий сайд чуулганы хуралдаан дээр сууж байна. Үүнийг анхааралдаа аваарай. Нэг хуудас хууль гэж ямар юм байсан юм бэ. Дэлгэрүүлж бичээд, сайн ажиллаж байж оруулж ирэх хэрэгтэй шүү дээ.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
-Засгийн газар энэ хуулийн төслийг дутуу дулимаг оруулж ирсэн. Тэгээд хариулж байгаа нь гэмт буруутай этгээдийн ял зэмийг үр хүүхэд гэр бүлд халдаан хэрэглэж болохгүй гэж тайлбарлаад байх юм. Нийгэм энэ хуулийн төслийг хүлээж байхад яагаад дутуу оруулаад ирж байгаа юм бэ?
Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт:
-Хуулийн төслийг боловсруулахдаа нэлээд ажилласан. Хуулийн төслөө тайлбарлахдаа муу ажилласан байж магадгүй. Өнөөдөр хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулж байхаар бие даасан хууль оруулаад ирж болдоггүй юм уу гэж байна. Энэ хуулийн төслөө баталсны дараа засч сайжруулаад явах бололцоотой. УИХ-ын гишүүн зөвхөн шүүмжлэх үүрэгтэй гэж ойлгодог юм уу хаашаа юм. Бид тусдаа хууль гаргах тал дээр ажиллана. Харин өнөөдөр энэ хуулийн төслийг батлаад явахгүй бол манай намын эсрэг буруу ойлголт явах вий.
Ийнхүү чуулганы хуралдаанаар хэлэлцсэний эцэст хуулийн төслийг цаашид хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд Хууль зүйн байнгын хорооны саналыг дэмжсэнгүй.
Үүний дараа Гаалийн тариф гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслөөр асуулт асуух гишүү байсангүй. Тиймээс Төсвийн байнгын хорооноос гарсан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулаад хуулийн төслийг дэмжив. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.
Үүгээр өнөөдрийн УИХ-ын чуулган өндөрлөв.