Нийгмийн даатгал нөхөн төлөх асуудлыг дэмжив

2016 оны 12 сарын 08

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийг өмнө нь Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцсэн бөгөөд байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Билэгт танилцуулав.

Гишүүдийн асуулт, хариултыг хүргэж байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Энэ хуулийн төсөл батлагдвал малчид улирлаар нийгмийн даатгалын шимтгэл төлөх эрх нь нээгдэж байгаа юм. Өмнө нь ажилсан жил, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхэд 160 мянган иргэн хамрагдсан байдаг. Тэгэхээр энэ хууль батлагдвал 400 мянга орчим иргэн хамрагдана гэсэн тооцоо байна. Хуульд зааснаар 1995 оноос хойших нийгмийн дпаатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой болох юм. Өмнө нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлсөн хүмүүс дахиад нөхөн төлөх боломжгүй гэж тусгасан. Хуулийн төслийг 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх талаар ярилцаж байна.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

-Малчдын орлого олох нөхцөл байдлыг тооцоод, хавар, намар төлөөд байх заалт оруулах боломж байна уу?

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Одоогийн Нийгмийн даатгалын тухай хуульд хоёр жилийн өмнө өөрчлөлт орсон. Малчид сараар юм уу, улирлаар НДШ төлөх эрхийг нээгээд өгсөн. Хамгийн гол нь малчид энэ тухай ойлголтгүй  учраас сар бүр НДШ төлөх юм шиг ойлгоод яваад байгаа юм. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Малчид НДШ-ээ яаж төлөх юм. Энэ хуулийн төслийг хэрхэн сурталчилах юм бэ. Хууль батлаад ч малчдад хүрэхгүй, сурталчилан таниулах үүрэгтэй төрийн албан хаагчид ширээний цаана суугаад байхаар энэ хууль чинь яаж хэрэгжих юм бэ?

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Төрийн захиргааны байгууллага хууль сурталчилах, таниулах үндсэн үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу ажлаа хийх үүргээ гүйцэтгээд явах юм бол хууль олон түмэнд хүрнэ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

-Мал аж ахуйн салбар, хувиараа хөдөлмөр эрхлэгчид гээд 500 мянга орчим хүний асуудал яригдаж байна. Тиймээс энэ хуулийн төслийг бүхэлд нь дэмжиж байна. Сайн дураар НДШ төлөх ёстой хүмүүсийн 10-15 хувь нь хамрагддаг гэсэн судалгаа байдаг. Тиймээс заавал даатгуулах албан журам тогтоогоод өгвөл ямар вэ гэсэн санал байна.  

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Малчид болоод хувиараа хөдөлмөр эрхлэгчид заавал болон сайн дураар НДШ төлөх эсэх асуудлыг бодлогоор ярих ёстой. Тэдний орлого тогтмол байдаггүй учраас заавал даатгалд хамрагдах шаардлага үүсдэггүй. Хуулийн төсөлд хамрагдах боломжтой нас 15-60 гэж оруулсан. Магадгүй 60 хүрсэн хүн ганц, хоёр жилийн НШД-ээ нөхөн төлөх шаардлага үүсээд байгааг үгүйсгэхгүй. Мөн насанд хүрээгүй иргэн эцэг, эхийнхээ хараа хяналтан доор ажиллах эрх нээгддэг. Тиймээс 15 настай ч хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа бол НДШ төлөх эрхийг нээж өгч байгаа юм.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:

-НДШ бүрдүүлэхэд 560 тэрбум төгрөг хуримтлагдана гэж тооцож байна. Энэ хөрөнгийг бүрдүүлэхийн тулд малчдыг мэдээллээр хангах асуудалд хэрхэн анхаарч ажиллах вэ?

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Өмнө ажилласан жил нөхөн тооцох, НДШ нөхөн төлөх тухай хуульд бүх иргэн хамрагдсан. Харин энэ хууль бол малчин, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийг хамруулна. Тиймээс хувиараа хөдөлмөр эрхлэгч хувиараа НД төлдөг гэсэн тодорхойлолт шаардана. Харин малчин өөрийгөө нотлох хорооны тодорхойлолт шаардана. Ийм хоёрхон бичиг баримт шаардах юм. Энэ хууль хэр сайн хэрэгжих нь сурталчлах таниулахаас хамаарна.

УИХ-ын гишүүн Х.Баделхан:

-Малчны гэр бүлийн хүн, туслах малчид энэ хуульд хамрагдах уу? Нэг хүн дунджаар хэдэн төгрөг нөхөн төлөх вэ? Татвар төлсөн баримт шаардах уу?

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Малчны гэр бүлийн хүн, туслах малчид хамрагдана. Татвар төлсөн баримтаа гэвэл хуулийн төслийн хамрах хүрээ нь хязгаарлагдана. Тиймээс татвар төлсөн баримт биш татвар төлөгчөөр бүртгүүлсэн байхыг шаардана. Ингэх юм бол хамрах хүрээ нь нэмэгдэнэ. Малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгч яг хэдэн төгрөгийн шимтгэл төлөхийг хэлэх боломжгүй. Тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр, хэдэн жил төлөөгүй вэ гэдгээ тооцож нөхөн төлнө. Тухайлбал, таван жил НДШ төлөөгүй бол 500 мянган төгрөгийн шимтгэл нөхөн төлнө. Энэ мөнгийг бөөнөөр нь төлж чадахгүй бол улирлаар, жилээр хувааж төлөх асуудлыг Засгийн газар зохицуулах эрхийг нь нээж өгсөн.    

Ийнхүү гишүүдийн асуулт асууж, хариулт авлаа. Уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр НББСШУ-ны байнгын хороонд шилжүүлэв.

УИХ-ын чуулган үргэлжилж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38855
0 эможи
keyboard_arrow_up