П.Ганхүү: Манай улсын эрчим хүчний хэрэглээний 80 хувийг дотоодын үйлдвэр хангаж байна
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулж, Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрт эрчим хүчний чиглэлээр туссан зорилт, арга хэмжээний бэлтгэл ажлын явц байдал, тулгамдсан асуудлын талаархи Эрчим хүчний сайдын мэдээллийг эхэлж сонссохоор болов.
Эрчим хүчний сайд П.Ганхүү танилцуулгадаа Монгол Улсын эрчим хүчний нийт хэрэглээ 6865 сая кВт.цаг байдгаас 80 хувийг дотооддын үйлдвэрлэлээс, 20 хувийг ОХУ-аас буюу импортоор хангадаг. Жилийн хэрэглээний дундаж өсөлт 5.1 хувьтай байна. Өнгөрсөн хугацаанд Эрчим хүчний тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль, Концессын тухай хууль, Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг батлагдан хэрэгжиж байгаа. Түүнчлэн 2015 оны зургадугаар сарын 19-ний өдөр Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого, Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал батлагдсан. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогод эрчим хүчийг 100 хувь дотооддоо үйлдвэрлэх зорилт тавиад байгаа. Эрчим хүчний салбарыг хувийн хэвшилд суурилсан зохицуулалттай, өрсөлдөөнт зах зээлийн тогтолцоонд шилжүүлэх, энэ салбарт инноваци, дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэх, үр ашиг, хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, эрчим хүчний найдвартай хангамж, аюулгүй байдлыг хангах, бүс нутгийн орнуудтай эрчим хүчний харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, салбарын хүний нөөцийн чадавхийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх гол зорилтуудыг тавьж байгаагаа дурдсан юм.
Тэрбээр Монгол Улсын төв, баруун, зүүн бүсийн эрчим хүчийг сайжруулахад эн тэргүүнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ танилцуулав. Тухайлбал, төвийн бүсэд системийн горим тохируулах эх үүсвэр бий болгох Эгийн голын усан цахилгаан станцыг барих, төвийн бүсийн хэрэглээний өсөлтийг хангах, чадлын нөөцийг бий болгох хүрээнд ДЦС-5, ДЦС-3-ыг 250 мВт-аар өргөтгөх, Багануур, Бөөрөлжүүт, Тэвшийн говь Чандагана цахилгаан станц, говийн бүсийн орд газруудыг дотоодоос хангах Таван толгойн цахилгаан станц, бүс нутгийн цахилгаан хангамжийг сайжруулах хүрээнд Улаанбаатар-Мандалговь 330кВ, 270 км төслүүдийг тус тус эхлүүлэх шаардлагатай байгаа аж.
Харин зүүн бүсэд нэн тэргүүнд бүсийн хэрэглээний өсөлтийг хангах Дорнодын дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50 мВТ-аар өргөтгөх, цахилгаан хангамжийг сайжруулах, Төвийн бүсийн нэгдсэн системд холбох Багануур-Өндөрхөөн 220 кВ-ын төслийг хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр эхлүүлэх, баруун бүсэд хэрэглээний өсөлт, дотоодын эх үүсвэрийг бий болгох, Эрдэнэбүрэн, Тавалтайн усан цахилгаан станцын төслүүдээс эхний ээлжинд эхлүүлэх шаардлагатай байгааг салбарын сайд онцоллоо.
Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Дундговь, Говьсүмбэр, Төв, Хэнтий аймагт шинээр дулааны цахилгаан станц барих, Сүхбаатар аймгийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг өргөтгөх төслийг Засгийн газраас БНСУ-ын ЭКСИМ банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн эрчим хүч экспортлох бодлогын хүрээнд Шивээ-Овоогийн нүүрсний орд газрыг түшиглэн экспортлох уурхай, цахилгаан станц дамжуулах шугамын төсөл, Азийн хөгжлийн банкны 1.8 сая ам долларын санхүүжилтээр 2017-2019 онуудад Гобитек-Азийн нэгдсэн сүлжээ төслийн нарийвчилсан судлагааг эхлүүлэх, олон улсын байгууллагуудтай хамтран олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн талаараа дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Эрчим хүчний сайдын мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Л.Элдэв-Очир, С.Чинзориг, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Л.Энх-Амгалан нарын гишүүд асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс Эгийн голын усан цахилгаан станцын төсөл хэрэгжих эсэх, энэ салбарт үүссэн өр авлагын хэмжээ, замбараагүй олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, өвөлжилтийн бэтгэл ажил хэр хангагдсан, аймгуудыг төвлөрсөн дулаан хангамжаар хангах асуудал ямар байгааг илүүтэй сонирхож байлаа.
Эрчим хүчний сайд П.Ганхүү салбарын хэмжээнд замбараагүй олгогдсон тусгай зөвшөөлийг цэгцлэхээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 68 тусгай зөвшөөрлийг олгосон ч бүтээн байгуулалт, ажлаа эхлүүлсэн нь цөөн. 1992 онд Азийн хөгжлийн банктай хамтраад 220мВт-ын хүчин чадалтай 2.5 сая ам долларын төсөвтэй Эгийн голын усан цахилгаан станц барих асуудал яригдаж эхэлсэн. Үүнээс хойш 24 жил болж байна. Бидний хувьд байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан судлагааг ОХУ-тай хамтран хийсэн. Үнэлгээний хариунаас төслийн цаашдын ажил хамаарна. Ер нь Эгийн голын усан цахилгаан станцыг баривал Монгол Улс эрчим хүчээ дотооддоо 100 хангаж чаддаг болно.
Харин 10 аймгийн дулааны цахилгаан станц барих асуудлыг бид эрчимжүүлж байгаа. 2018 он гэхэд станцуудыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Энэ жилийн дулааны шугам, сүлжээний засварын ажил АСЕМ, гадаад дотоодын томоохон арга хэмжээнээс болоод сар гаруйн хугацаагаар хойшилж эхэлсэн. Гэсэн хэдий ч засварын ажлын хугацааг шахаж, үр дүнтэй ажиллуулсан. Цас нэлээд хэмжээгээр орж, хүйтэрсний улмаас дулааны цахилгаан станцуудын гадна талбайд байх нүүрсний нөөц багассан. 20 -иос доошгүй хоногийн нөөцтэй байлгахын тулд яаралтай арга хэмжээ авч ажилласны үр дүнд үйл ажиллагаа жигдэрсэн гэж хариулсан юм.
Салбарын сайдын мэдээллийг сонссоны дараа Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва 2015 онд тус байнгын хорооноос эрчим хүчний салбарын чиглэлээр гаргасан УИХ-ын тогтоолын төслийг хэрэгжүүлж ажиллахыг анхаарууллаа.
Байнгын хорооны тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжив
Үргэлжлүүлэн Төмөр замын салбарын талаар чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм. УИХ-ын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4 дэх заалт, 21 дүгээр зүйлийн 21.5 хэсгийг үндэслэн Эдийн засгийн байнгын хорооноос төмөр замын салбарын талаар чиглэл өгөх ажлын хэсгийг 2016 оны арван нэгдүгээр сарын 16-ны өдөр байгуулсан билээ. Энэхүү ажлын хэсгээс гаргасан тогтоолын төслийн талаар ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан юм.
Уг тогтоолын төсөлд “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг, “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компаниудад тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх хүрээнд зургаан чиглэлд арга хэмжээ авч ажиллахыг тусгасан байлаа. Тухайлбал, Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортлох дизелийн түлшийг онцгой албан татвараас чөлөөлөх тухай хууль хэрэгжиж эхлэх хүртэл онцгой татварын асуудлыг судалж шийдвэрлэх, төмөр замын дэр модыг бетонноор бүрэн солих хүртэлх хугацаанд /10жил/ галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор дэр мод үйлдвэрлэхэд зориулсан мод бэлтгэх зөвшөөрөл сэргээх, 2017 онд нэг удаа 10 мянган тоннн вагоны хаягдал хар төмрийг экспортлох чиглэлээр 2005 оны УИХ-ын 46 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тогтоолын төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тусгасан байна.
Уг тогтоолын төсөлтэй холбогдуулж Л.Энх-Амгалан, С.Чинзориг, Д.Дамба-Очир нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.
Гишүүдийн хувьд төмөр замд чиглэл өгөхдөө зөвхөн хоёрхон байгууллагыг онцолсныг өрөөсгөл гэж байсны зэрэгцээ “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортлох дизелийн түлшийг онцгой татварын асуудлыг судалж шийдвэрлэх чиглэлийн талаар илүүтэй сонирхож байлаа. Ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ ажлын хэсгийн хуралдаанаар төмөр замын хэмжээнд тулгамдсан асуудалд нэн яаралтай шийдэх асуудлуудад чиглэл өгөхөөр тохирсон. Тиймээс тогтоолын төсөл хоёр байгууллагаруу чиглэсэн юм. Онцгой албан татвараас чөлөөлөх хууль 2017 оны нэгдүгээр сарын 01-ээс хэрэгжинэ. Гэхдээ энэ хүртлэх хугацаанд 2016 оны хувьд “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хувьд импортын дизель түлшний асуудалд 36 тэрбумын өр үүссэн байна. Үүнийг шийдэх санхүүгийн боломж тус нийгэмлэгт байхгүй учир тусгайлсан чиглэл оруулсан гэж байлаа. Дараа нь байнгын хорооны тогтоолын төслийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 68.4 хувь нь дэмжив. Гишүүдийн хувьд тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа ч найруулгын хувьд засч, сайжруулах асуудал байгааг ажлын хэсгийнхэнд анхаарууллаа.
Хуралдааны төгсгөлд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох асуудлыг хэлэлцсэн юм. Сангийн дэд сайд Х.Булгантуяа уг орон тооны бус гишүүнд Сангийн яамнаас нэр дэвшүүлсэн төлөөлөгчийг танилцуулав. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигч Нямандэлэгийн Мандуул нь 1983 онд Улаанбаатар хотод төрсөн, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Нийслэлийн нэгдүгээр дунд сургууль, 2003-2007 онд Болгар улс дахь Америкийн их сургуулийг эдийн засаг, бизнесийн удирдлага, 2011-2014 онд АНУ-д Брендайз Их сургуулийг бизнесийн удирдлагаар тус тус төгссөн. 2007 оноос өнөөдрийг хүртэл Сангийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажиллаж байгаа аж.
Байнгын хорооны гишүүд нэр дэвшигчээс асуух асуулт байгаагүй тул түүнийг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр батлахыг хуралдаанд оролцогсдын 76.6 хувь нь дэмжлээ. Энэ талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.