“Нийтийн сонсгол зохион байгуулах журам”-ын төсөлд санал авах хэлэлцүүлэг боллоо

2016 оны 11 сарын 30

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос  “Нийтийн сонсгол зохион байгуулах журам”-ын төсөлд санал авах хэлэлцүүлэг  зохион байгууллаа.

 

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Б.Батзориг, Н.Цэрэнбат, М.Оюунчимэг нар оролцсон.

Хэлэлцүүлгийн үйл ажиллагааг нээн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд үг хэлж, хэлэлцүүлгийг удирдан явууллаа.

Тэрбээр “Нийтийн сонсголын тухай хуулийг 2015 онд баталж, 2016 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн. Гэвч хуулийн хэрэгжилтийг хангах журам гараагүй байсан. Одоо журмыг хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд байна. Журмын төсөлд санал авах зорилгоор өнөөдөр энэхүү санал солилцох уулзалтыг зохион байгуулж байна“ хэмээлээ.

Хэлэлцүүлэгт Нийслэлийн дүүргүүдийн ИТХ-ын дарга, төлөөлөгчид, “Ил тод байдлыг дэмжих” сүлжээний болон бусад төрийн бус, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцсон.

Хэлэлцүүлгийн эхэнд “Нийтийн сонсгол зохион байгуулах журам”-ын төслийн танилцуулгыг Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын албанаас хийлээ.

Журмын төсөлд нийтийн сонсгол зохион байгуулах үндэслэл, сонсголын бэлтгэл хангах зэрэг сонсгол явуулахтай холбоотой үйл явцыг тусгасан байна.

Дараа нь “Нийтийн сонсгол зохион байгуулах журам”-ын төсөлд хийсэн хөндлөнгийн санал дүгнэлтийг Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөний гүйцэтгэх захирал С.Оюунтуяа танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа журмыг нэлээн нарийвчлан гаргах, орхигдуулсан зүйлийг нэмж тусгах шаардлагатайг онцолсон. Тухайлбал журмын төсөлд ирцтэй холбоотой заалт байхгүй байгааг нэмж тусгах шаардлагатайг хэллээ. 

Үүний дараа Цахим хэлэлцүүлгийн систем буюу forum.parliament.mn-ээр дамжуулан тус журамд санал өгөх үйл явцыг УИХ-ын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн ахлах референт Ч.Тунгалаг танилцууллаа.

Танилцуулгын дараа УИХ-ын гишүүн Г.Занданшатар болон хэлэлцүүлэгт оролцогч бусад төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл саналаа хэлж, асуулт хариулт явагдсанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд хэлэлцүүлгийг хааж үг хэлэв.

Хэлсэн үгэндээ “Энд хэлсэн бүх саналыг хүлээж авлаа. Журмын төслийг илүү нарийвчилж гаргахад бид анхаарах ёстой юм байна гэдгийг өнөөдрийн хэлэлцүүлгээс олж харлаа. Төслийг эцсийн байдлаар Байнгын хороонд оруулахаасаа өмнө та бүхэнд дахин үзүүлж санал солилцоно. Энэ ондоо багтаж журмаа боловсруулж, батлуулахаар шуурхай ажиллаж байна” хэмээн онцлон тэмдэглэв. Энэхүү хэлэлцүүлгийг Азийн сан, Канадын сан хамтран зохион байгууллаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38568
0 эможи
keyboard_arrow_up