Монгол ,Орос хооронд Шинэ үеийн залуус стратегийн түншлэлийг сонгож байна
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Н.Цэрэнбат, Н.Учрал нар ОХУ-ын Төрийн думын дэд дарга Сергей Железняк болон ОХУ-Европын парламентын бүлгийн дарга, Андрей Климов нартай уулзаж хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.
Бүс нутгийн хөгжил болон тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд зөвхөн Засгийн газар хоорондын хамтын ажиллагаагаар хязгаарлагдахгүй төрийн бус байгууллагууд, тэр дундаа тухайн бүс нутгийн залуучуудын оролцоо чухал юм.
Энэ хүрээнд Нэгдсэн Орос намаас зохион байгуулсан Евро-Азийн бүс нутгийн хөгжлийн асуудлаар олон улсын форум, хэлэлцүүлэгт оролцохын зэрэгцээ УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Нийгмийн Ардчилал” Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчийн хувиар Нэгдсэн Орос намын дэргэдэх “Молодая Гвардия” Бүх Оросын залуучуудын байгууллагатай стратегийн түншлэлийг хэрэгжүүлэх Хамтын Ажиллагааны Хэлэлцээр байгуулжээ.
УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны ерөнхийлөгч Г.Тэмүүлэнгийн хэлсэнээр Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд тогтоосон уламжлалт ах дүүгийн харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах үүднээс хэлэлцээрийн дагуу залуучуудын солилцооны хөтөлбөрийг хөгжүүлэх, дунд, урт хугацааны сургалт хэрэгжүүлэх, хил залгаа бүс нутгийн хөгжлийг дэмжих, соёл, улс төр, бизнес, шинжлэх ухаан, байгаль экологийн хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.
Мөн энэхүү хэлэлцээрийн дагуу Монгол, Оросын залуу бизнес эрхлэгчдийн уулзалтыг Улаанбаатар, Москва, Эрхүү хотуудад жил бүр зохион байгуулахаар тохиролцсон ажээ.