УИХ-ын дарга З.Энхболд хүүхдийн баярын арга хэмжээнд оролцлоо
Улсын Их Хурлын дарга З.Энхболд “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан “Viva” хотхонд болж буй хүүхдийн баярын арга хэмжээнд оролцлоо. Улсын Их Хурлын дарга эхлээд баярын парадад оролцож хүүхэд багачуудтай мэндчилсэн юм.
Мөн тэрээр баярын арга хэмжээнд оролцож байгаа бяцхан хүүхэд багачуудад хандан үг хэлж, баярын мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр хэлсэн үгэндээ, өнөөдөр улс орон даяар тэмдэглэж буй энэ баяр бол хүүхдүүдийн баяр, монгол гэр бүлийн баяр юм гээд, хүүхдүүдэд зөв хүмүүжил олгох, ирээдүйд сайн хүн болгож төлөвших эрхэмсэг нандин орчин бол халуун дулаан, элэг бүтэн, аз жаргал дүүрэн гэр бүл юм. Тиймээс төр засаг, эцэг эх, цэцэрлэг, сургуулийн хамт олны эрхэм үүрэг нь ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа эрүүл саруул, эрдэм боловсролтой өсч торних, хүсэл тэмүүлэлдээ хүрхэд нь туслаж дэмжихэд оршино гэлээ. Мөн хүүхдийн сайн сайхны төлөө дэвшүүлсэн аливаа зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд хамгийн гол үүрэг гүйцэтгэгч нь хүүхэд өөрөө гэдгийг онцлон тэмдэглээд, хүүхэд бүрийн нүд нь гэрэлтэй, хүүрэндээ жавхаатай, инээд хөөрөөр бялхаж, гэр бүл бүхэн аж жаргалаар дүүрэн байхын ерөөлийг дэвшүүллээ.
УИХ-ын дарга мөн авъяас, чадвараараа шалгарсан шилдэг хүүхдүүдэд гарын бэлэг гардуулаад, “Viva” хотхонд байрлах хүүхдийн номын сангаар зочилсон юм.