Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт УИХ-ын дарга З.Энхболд мэндчилгээ дэвшүүллээ
Айл гэрийн амин эрдэнэ, эх орны баясгалант ирээдүй- хүүхэд багачууд Та бүхэндээ Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярын халуун мэндчилгээг дэвшүүлье.
Өнөөдөр Монгол Улс даяар тэмдэглэж буй энэ баяр бол монгол хүүхдүүдийн баяр, монгол гэр бүлийн баяр юм. Хүүхдэд зөв хүмүүжил олгох, ирээдүйд сайн хүн болон төлөвших эрхэмсэг нандин орчин бол халуун дулаан, элэг бүтэн, аз жаргал дүүрэн гэр бүл юм.
Хүүхдүүд Та бүхэн монгол ёс заншил, түүх намтараа мэддэг, аав ээж, ахмад настнаа хүндэлдэг, эх орон, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалдаг жинхэнэ Зөв монгол хүн болж төлөвшихийн тулд өөрийн гэсэн хүсэл тэмүүлэлтэй, түүндээ хүрэх чин зорилготой өсч торних учиртай.
Хүүхдийн эрх, эрх чөлөө хэрхэн хангагдаж, тэдний төлөвшил хүмүүжил ямар байгаагаар тухайн улс орон, байгууллага, гэр бүлийн хөгжлийн түвшинг тодорхойлж болно.
Тийм болохоор төр засаг, эцэг эх, цэцэрлэг, сургуулийн хамт олны эрхэм үүрэг нь жаргалант ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа эрүүл саруул, эрдэм боловсролтой өсч торних, хүсэл тэмүүлэлдээ хүрэхэд нь туслаж дэмжихэд оршино.
Хүүхдийн сайн сайхны төлөө дэвшүүлсэн аливаа зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд хамгийн гол үүрэг гүйцэтгэгч нь хүүхдүүд та нар өөрсдөө гэдгийг онцлон тэмдэглэж байна. Монгол Улсынхаа ирээдүй болсон хүүхэд багачууд маань тийм байж чадна гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлье.
Монголын үрс маш олон болтугай,
Хүүхэд бүр нүд нь гэрэлтэй, нүүрэндээ жавхаатай, инээд хөөрөөр бялхаж, гэр бүл бүхэн аз жаргалаар дүүрэн байх болтугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД
УЛААНБААТАР
2014.06.01