Арваннэгдүгээр сарын 26-ныг тэмдэглэлт баярын өдөр болгов

2016 оны 11 сарын 18

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2016.11.18/ нэгдсэн хуралдаан 12 цаг 03 минутад 53.6 хувийн ирцтэй эхэлж, үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

 

Гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлав

Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсан зарим хууль, Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг танилцуулав.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ахмад насны нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг нийт 32 хууль, УИХ-ын тогтоолын эцсийн найруулгыг сонслоо.

Дараа нь УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Б.Жавхлан, Г.Мөнхцэцэг, О.Баасанхүү, Ж.Батзандан нарын санаачлан боловсруулж өргөн мэдүүлснийг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн. Харин УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаархи санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Батзориг танилцуулав.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул УИХ-ын Ц.Мөнх-Оргилын гаргасан саналын дагуу хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Лүндээжанцан нар асуулт асууж тодруулсны дараа хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах Байнгын хорооны горимын саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 87.8 хувь нь дэмжлээ. Иймээс хуулийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад гишүүдийн 83.7 хувь нь дэмжсэнээр хуулийн төсөл батлагдав. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг батлахыг гишүүдийн 87.8 хувь нь дэмжлээ.

Ингэснээр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд “4.1.9.Бүгд Найрамдах улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26” гэсэн дурдсан агуулгатай 4.1.9 дэх заалт нэмж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.16 дахь заалтыг хүчингүй болсонд тооцохоор болов. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлд “76.1.9.Бүгд Найрамдах улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26” гэсэн агуулгатай 76.1.9 дэх заалт нэмж байгаа юм. Эдгээр хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөнө.

1924 оны 11 дүгээр сарын 26-нд Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн асар том үйл явдал болсон билээ. Тиймээс жил бүрийн 11 дүгээр сарын 26 буюу Үндсэн хуульт Бүгд найрамдах улсаа тунхагласны өдрийг манай улс нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон тэмдэглэдэг байв. Харин 2012 оноос уг өдрийг тэмдэглэлт өдрийн түвшинд тэмдэглэн өнгөрөөх болсон нь түүхийн чухал үйл явдлын ач холбогдлыг багасгаж, түүх уламжлалыг бүдгэрүүлэх алдаатай шийдвэр болсон талаар ард иргэд шүүмжилж, эрдэмтэн мэргэд байр сууриа илэрхийлдэг тул энэ өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох нь зүйтэй гэж УИХ-ын нэр бүхий гишүүд үзэж, энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн байна. Хууль батлагдсанаар энэ жилээс эхлэн жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгож байгаа юм.

Санхүүгийн зохицуулах хорооны гишүүдийг томилж, чөлөөлөв

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны болон орон тооны бус гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11.2-т “Хорооны гишүүдэд Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо хоёр хүний, Хууль зүйн болон Төсвийн байнгын хороо, санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монголбанкны ерөнхийлөгч тус бүр нэг хүний нэр дэвшүүлж, Улсын Их Хурлаас томилно” хэмээн заасан байдаг.

Иймээс хуульд заасны дагуу УИХ-ын Төсвийн, Хууль зүйн, Эдийн засгийн байнгын хороо болон Монголбанкнаас Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны болон орон тооны бус гишүүдийг томилж, чөлөөлүүлэхээр нэр дэвшүүлжээ. Энэ талаархи Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнасан, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нар танилцуулсан юм. Мөн Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр тус банкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдавааг томилуулахаар нэр дэвшүүлж, энэ тухай саналаа холбогдох Байнгын хороонд хүргүүлснээ танилцуулав.

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн Х. Бум-Эрдэнийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан тус хорооны орон тооны гишүүнээр О.Батбилэгийг томилуулахаар Хууль зүйн байнгын хорооноос нэр дэвшүүлсэн бол тус хорооны орон тооны бус гишүүнээр ажиллаж байгаа Л.Энхтайваныг улируулан томилохоор Төсвийн байнгын хорооноос нэрийг нь дэвшүүлж дэмжсэн байна. Харин Эдийн засгийн байнгын хорооноос Б.Батхишигийг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлж дэмжжээ. Мөн тус Байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд нэр дэвшигч О.Батбилэгийг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны, нэр дэвшигч Б.Баярдаваа, Л.Энхтайван нарыг тус хорооны орон тооны бус гишүүнээр томилуулах, Х.Бум-Эрдэнийг тус хорооны орон тооны, Д.Ганболд, Д.Ганбат нарыг орон тооны бус гишүүнээс чөлөөлөхийг дэмжсэн байна.

Байнгын хороодын санал, дүгнэлт, танилцуулгатай холбогдуулан үг хэлсэн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж эдийн засаг сайнгүй, төгрөгийн ханш тогтворгүй байгаа ийм үед санхүү, эдийн засгийн байгууллагууд ажлаа уялдуулж хамтарч ажиллах, нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч шуурхай ажиллах шаардлагатай, УИХ-ын гишүүн Н.Оюундарь үнэт цаасны зах зээлд бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлэхэд анхаарах, хууль эрх зүйн орчноо тодорхой болгох, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Тэрбишдагва, Б.Жавхлан нар эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр чиглэлээ яаралтай гаргаж бүтээлч, санаачлагатай, хурдтай ажиллах, хөрөнгийн зах зээлийг тэлэхэд анхаарах, цаашдаа Санхүүгийн зохицуулах хороо нь бодлогын байгууллага болж ажиллах шаардлагатай гэдгийг хэллээ. Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Сумъяабазар нар нэр дэвшигчид болон Байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулан хариулт авсан юм.

Ингээд санал хураалт явуулахад Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвшигч О.Батбилэг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 88.2 хувийн, орон тооны бус гишүүнд нэр дэвшигч Б.Баярдаваа 86.5, Б.Батхишиг 84.6 хувийн саналаар дэмжигдэв. Мөн нэр дэвшигч Л.Энхтайваныг тус хорооны орон тооны бус гишүүнээр улираан томилохыг гишүүдийн 88.5 хувь нь дэмжив.

Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан Г.Бум-Эрдэнийг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны, Д.Ганболд, Д.Ганбат нарыг тус хорооны орон тооны бус гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөхийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.8 хувь дэмжлээ.

Үүгээр чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. Үдээс хойших нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд “Ургац хураалтын дүн мэдээ, мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” мэдээлэл хийх юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38244
0 эможи
keyboard_arrow_up